
MSC рүү хэтэрхий их дайрсан Засгийн газар, “Женко” Х.Баттулгынхан хариу цохилт авч, Төгрөг нуурын ордын асуудлыг нь Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга Н.Учрал босгож ирсэн. Мэдээж Н.Учрал ганцаараа хийгээгүй, ард нь маш том баг ажиллаж байж таарна. Улмаар уг хэрэг нь АТГ, прокурор дээр шалгагдаж байна. Энэ нь Монголын ардчилал ажиллаж буй хэрэг биш бөгөөд харин бүлэглэлүүдийн тэмцлээр бүх юм тодорхойлогдож буйн илрэл юм.
Мэдээж Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэг хөнжилд орсон шахуу Л.Оюун-Эрдэнэ рүү ч шахалт давхар орж ирэх нь ойлгомжтой. Тэрээр өнөөдөр нэг талаас намынхандаа, нөгөө талаас Х.Баттулгынханд шахагдаж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэ хамтрагчаа хамгаалж чадахгүй, буланд шахагдсан байдалтай байна.
Тиймээс Х.Баттулга хоёр сайдаа Засгийн газраас гаргана хэмээн мэдэгдсэн гэх яриа гарчээ. Улмаар Х.Баттулгын даалгавраар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Н.Ганибал “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хоёр зүйлийг чухалчлан ярьжээ.
Нэгдүгээрт, тэрээр Х.Баттулгыг магтжээ.
“Х.Баттулга бол хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх их хүсэл эрмэлзэлтэй хүн. Магадгүй зарим асуудалд алдаатай зүйл байгаа бол хуулийн байгууллага шалгаж, хууль дүрмийн дагуу явах нь зөв. Манай нам байгуулагдсанаас хойших 35 жилийн хугацаанд АН-аас төрийн өндөр албыг хашиж байсан хүмүүс бүгд өөрсдийн цаг үедээ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тэдгээр хүмүүсийн хувийн алдаа дутагдлыг бид шүүдэг байгууллага биш. Үүнийг Монгол Улсын хууль, шүүхийн байгууллага шүүнэ. МАН улс төрийн соёл суух болоогүй байна. Хувь хүний алдааг Монголын ардчиллын алдаа мэт ойлгуулах гэдэг. Энэ бол тусдаа ярих сэдэв. Удахгүй ярина” гэжээ.
Мөн хамтарсан засгийн МАН-ын сайдуудыг шүүмжилсэн байна. Тэрээр “Хамтарсан Засгийн газарт байгаа ярихаас цаашгүй МАН-ын зарим сайд нарт хэлэхэд, найман жил засаг, төр барихдаа эдгээр асуудлуудыг явуулаагүй байж өнөөдөр битгий дүр эсгэ гэж хэлье. Тэнд гуравхан хүн оффтейк гэрээ байгуулахад дуугараагүй байж, өнөөдөр асуудлыг ил тод болгож олны хэлэлцүүлэгт оруулж шийдэх гэхээр муухай үгээр дайрч, өөрсдийгөө тодруулах гэдгээ болих хэрэгтэй. МАН-ын сайд нарын үйлдэл дээр хэлгүй юм шиг царайлдаг. АН-ын сайд нар дээр галзуу юм шиг дайрч давшилдгаа болих хэрэгтэй. Ийм нөхдөөс болж ажил царцдаг. Үр дагавар нь улсын хөгжил, эдийн засагт сөргөөр нөлөөлж ирсэн” гэжээ.
Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас хойш Х.Баттулгынхан Засгийн газрыг огт шүүмжилж байгаагүй, харин ч баялгийн сангаа ард иргэддээ өгөх нь хэмээн дөрөө харшуулан улстөр хийж явсан. Лу.Гантөмөр, О.Алтангэрэл, Ц.Туваан гэх “Женкогийн хүмүүс” нэршилтэй хүмүүсээ Засгийн газрын танхимын гол суудлууд дээр суулгаж, Хяналтын,Бүтээмжийн менежерүүд гэсэн нэрээр төрийн өмчит компаниудад хүмүүсээ олноор байршуулж буй. Ямар сайндаа УИХ-ын гишүүн Н.Энхбаяр “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна.. Зэвүү хүрч байна” хэмээн ярьж байхав.
Гэтэл одоо Засгийн газрын “Женко” нь Засгийн газар луугаа улстөр хийж эхэлжээ.