Б.Жаргалан: Нийслэл бүр вант улс болчихлоо, хоёр их наядаар зам барина гэнэ

УИХ-ын гишүүн Б.Жаргалан өнөөдөр чуулган дээр дараах үгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Цаана чинь  нийслэл чинь бүүр галзуурч байна.5,6 их наядын төсөв баталчихсан. Сая  Туулын хурдны зам гээд 1,9 их наядын тендер зарлаад, энэ мөнгө нь хүрэхгүй байна гээд дахиад  300-400  тэрбумыг нэмье, нийт 2 их наядаар зам барья гэчихсэн сууж байна.  Нийслэл дээр чинь бүр вант улс үүсчихлээ.

Тэгэхээр одоо үнэнтэйгээ нүүр тулаад хэзээ төсвөө тодотгох юм.  Янз бүрийн мега гээд байгаа төслүүд дээрээ тодорхой хязгаарлалт хийхгүй юмуу? Одоо  нөхцөл байдал шал өөр болчихлоо шүү дээ.  Мөчлөг чинь шал өөр тийшээ явчихлаа.

Өнөөдөр еврогийн ханш  4070 төгрөг юань,  489 төгрөг болчихлоо. Нэгдүгээр  улирлын байдлаар төсвийн алдагдал 1,2 их наяд болсон гэсэн мэдээ байна. Нүүрсний үнэ төсөв хэлэлцэж байсан үеийнхээс 30, 40 хувиар уначихсан гэж ойлгоод байгаа юм.

Сангийн сайд Жавхлан төсөв хэлэлцэж байх үед нүүрсний үнийг төсөвт  105 доллараар оруулж ирээд, хар толгойгоороо хариуцья,  нүүрсний үнэ унахгүй, цаана чинь ёстой өчнөөн худалдан авагч нар байна. Та нар энэ Ганц мод-Гашуун сухайтыг л батлаад өг гээд байсан.   Гэтэл одоо бид  үнэнтэйгээ нүүр тулчихлаа.

Одоо  төсвөө тодотгохгүй юм уу? Энэ валютын ханш   бас замбараагаа алдлаа. Бор  зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа иргэд,  бор зүрхээрээ бизнес хийж байгаа ААН-үүд л энэ бүхний одоо золиос болоод байна шүү дээ.

Гэтэл Засгийн газар ерөөсөө   төсөв тодотгохгүйгээр бүх зүйлээ авч гарахын тулд хаа нэгтээгээс  мөнгө олох зорилгоор л   яаралтайгаар янз бүрийн юмнууд оруулж ирж  байна.

Зөвшөөрлийн хуулийг оруулж ирж байгаа үндэслэл нь гэсэн чинь жил болгон 500 сая ам.доллар гадагшаа урсаад байна , бид ханшаа алдчих гээд байна гэсэн юм ярьж байгаа. Хууль зүйн техникийн хувьд ч алдаатай, өчнөөн олон хүн тэр хуулийн золиос болох боломжтой ийм хууль оруулаад ирж байгаа юм.

За энэ  Биржийн хууль ч ялгаагүй. Бид  нүүрсний хулгайг зогсооё, тэр уур уурхайн   бүтээгдэхүүний борлуулалтыг ил тод болгоё гээд Биржийн хуулийг 2022 оны 12 сарын 23-нд баталсан. Тэгээд тэрнээс хойш нэг жилийн дараа дахиад нэг өөрчлөлт оруулчихсан байгаа юм.  Энэ  10-ын  3 дугаар заалт.

Энэ заалтаар нөгөө яриад байгаа хэрэгтэй, хэрэггүй мега төслүүдээ санхүүжүүлэх  шинэ үеийн оффтэйк  гэрээ гэдэг шиг юм оруулж ирж байгаа юм.

Нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай тогтвортой урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын  өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ ээ гээд.

Тэгэхээр  мега төслүүд,  ган татлагат гүүр гэх мэтчилэн тиймэрхүү зүйлүүдээ энэ нүүрс, зэс,   бусад зүйлээрээ солих,  нэг ёсны бартердах юм яриад байна шүү дээ. Гэтэл энэ уул  уурхайн түүхий эд чинь манайд валют оруулж ирэх ёстой биз дээ.   Гэтэл шууд бартердая гэж байна.

Тиймээс төсвөө тодотгох,    мега төслүүдийнхээ зарим нэгийг  болих юмаа яримаар байна шүү дээ.

Харин  Сангийн сайд Б.Жавхлан хариуд нь:

“Төсөв тодотгол хийлээ гээд  нүүрсний үнэ нь нэмэгдээд, биржийн арилжаа нь нэмэгдчихдэг болбол өдөр болгон, цаг болгон тодотгол хийсэн ч яахав” гэв.   Харамсалтай нь тийм боломж байхгүй байна.   Тодотголтой,  тодотголгүй энэ жилийн хуулийг алдагдалгүй байна гээд бид хуульчилчихсан. Орлогынхоо хэмжээнд зарлагаа гаргана шүү гэдгийг л заачихсан. Тэгэхээр энэ жил тэгж л явна, энийг бид нар зөрчихгүй.  Тодотголоос илүү ийм суурь зарчмаа бид нар хуульчилчихсан. Хэрвээ ингээд төсөвтэйгөө  зууралдаад байх юм болбол  бид зорьж байгаа иргэн бүрдээ байгалийн баялгийн өгөөж хүртээх ажлаа хийж чадахгүй” гэв.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn