
“Ноорог Креатив студио”-ийн найман ажилтныг 2025 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулан саатуулж, ажлын байранд нь нэгжлэг явуулж, цахим төхөөрөмжүүдийг хураан авсан хэрэг гарсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас ч, Хууль зүйн сайд ч зөрүүтэй мэдээллүүд хийсэн. Харин энэ бүх мэдээлэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.
Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдээлэл хийж, “Ноорог Креатив студио” ХХК-ийн найман ажилтанд холбогдох асуудлаар ХЭҮК-ын дүгнэлт гаргаснаа танилцууллаа.
ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуя:
“Ноорог Креатив студио” ХХК-ийн найман ажилтныг Цагдаагийн байгууллагаас саатуулж, шалгаж байгаа асуудлаар ХЭҮК-ын гишүүнд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд мэдээллээр бүртгэж, шалгалт явууллаа.
Бид холбогдох иргэдээс мэдээлэл авч, мөн цагдаагийн болон төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын олон нийтэд өгсөн бүх мэдээлэлд он цагийн дараалалтай дүн шинжилгээ хийлээ.Ингэхдээ УЕПГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон үндэслэл,прокурорын зөвшөөрөлтэй эсэх,хэний гомдлоор хэдэн хүнийг ямар гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, эрүүгийн хэрэг үүсгэсэн үү, таслан сэргийлэх ажиллагаа хийгдсэн, эсэх зэрэг баримтыг нягталлаа.
Мөн хурааж авсан эд зүйлсийн жагсаалт, гар утас, компьютер, хард дискийг хураахдаа хурааж авах, үзлэг хийх зөвшөөрөлтэй байсан эсэх, өмгөөлөгч авсан, эсэх зэрэг найман асуудлаар бичгээр хүсэлт өгч, тайлбар авсан.
Тус компани болон тус компанид ажилладаг, саатуулагдсан иргэд ихэвчлэн ялгаварлан гадуурхалт, хүний эрх, хүүхэд хамгаалал, орчны хүртээмжтэй байдал зэрэг контент бэлтгэж, Засгийн газрын үйл ажиллагаандшүүмжлэлтэй хандсан үзэл бодлыг олон нийтэд түгээж байсан байна.
“Ноорог.мн” сайтыг үүсгэн байгуулагч О.У нь сэтгүүлч Пүрэвтэй 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийсэн ярилцлагад нэгэн баримтат киноны тухай ярьсан бөгөөд удахгүй нээлтээ хийнэ гэж мэдэгдсэн.
Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилсан улсын тулгын чулуу. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний улс төрийн эрхийн фактаар баталгаажсан эрх чөлөө юм.
Чөлөөтэй, ямар нэг хууль бус, дур зоргын шинжтэй, цензур, хязгаарлалт, дарамтаас ангид үзэл бодлоо илэрхийлэх ялангуяа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны талаар үзэл бодлоо илэрхийлэх шүүмжлэх эрх чөлөөг хүний эрхийн эрх зүй онцгойлон хамгаалсан байдаг.
Мөн энэ асуудалтай холбогуулан төрийн эрх бүхий байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй гэж дүгнэлээ. Мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн суурь нөхцөл.
Гэтэл “Ноорог креатив” студийн 8 ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагааны талаар, ямар үндэслэлээр явуулсан, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх талаар эрх бүхий байгууллагуудын, хууль сахиулах байгууллага, төрийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнаас өгсөн мэдээлэл зөрөөтэй, тодорхойгүй байдал нь олон нийтэд эргэлзээ төрүүлж ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Бодитой, тодорхой, салаа утгагүй мэдээлэл авах нь Монгол Улсын иргэдийн үндсэн эрх юм гэлээ.
Тиймээс ХЭҮК-оос “Ноорог Креатив студио” ХХК-ийн найман ажилтны халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж, эрмэлзэл зоригийг мохоохыг оролдсон, төрийн эрх бүхий байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй хэмээн дүгнэжээ.