
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат УНТЭ-ийн элэг шижлүүлэн суулгах багтай хамтран мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон энэ оны 1-р сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон билээ.
Харин 3-р сарын 13-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн ялыг хэвээр үлдээсэн.
П.Батчулуун эмчийг уг үйлдлийг санаатай хийгээгүй, тэгээд ч хүний амь нас аварсан учраас суллах шаардлага тавьсан давалгаа сошиалаар өрнөж буй.
Тэгвэл өнөөдөр П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат болон УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Өмгөөлөгч Э.Ганбат:
Анх 2002 онд Эрүүгийн хуульд Хүний эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийн зохицуулалт орсон. Гэхдээ өнгөрсөн 22 жилийн хугацаанд ийм төрлийн хэрэг маргаан нэг ч удаа шийдвэрлэгдээгүй.
Бид УДШ-д хандах эрхтэй. Урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй хуулийн шинэ ойлголт, зохицуулалтыг Улсын дээд шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч цаашдаа ийм төрлийн хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн ойлголт бий болно. Дээд шүүх өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч хэлэлцэж шийдвэрлэх байх гэдэгт найдаж байгаа.