Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казакстан улсын нийслэл Астана хотноо үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн медалийн төлөөх болон дагах барилдаанууд 21:00 цагаас эхэлж, манай улсын гурван тамирчин хүрэл медалийн төлөө хүч үзлээ.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд зодоглосон ОУХМ мастер Э.Даваанасан Киргызстаны тамирчин, дэлхийн аваргын гурван медальт Айпери Медет Кизыг 4:1 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой медальтан болсон юм.
“Астана-2026”-г зорьсон манай эмэгтэй баг тамирчдын эхний медаль төдийгүй Монголын эмэгтэйчүүдийн багийн 19 жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн амжилтын буухиаг таслалгүй үргэлжлүүлсэн үйл явдал боллоо.
Э.Даваанасан анх “Белград-2023” -гаас 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, дэлхийн медальтан болж байсан бол энэ удаа 76 кг-д хүрэл медальд хүрлээ.
ОУХМ Э.Даваанасан шигшээ 8-д Энэтхэгийн тамирчин, U20 ангиллын дэлхийн хошой аварга Кажалтай хүч сорьж, 9:2-оор ялагдал хүлээсэн. Улмаар Кажал шигшээ барилдаанд ялснаар манай тамирчин дагах барилдаан хийсэн. Дагах барилдаанд Литвийн Камиле Гаукайтег оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн төлөө боссон. Тэр энэ онд мөн Азийн тивийн аварга болсон.
Өчигдөр мөн тамирчин Б.Хулан, Т.Энхжин нар 57, 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө хүч сорьлоо. Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан энэ удаад хүрэл медалийн оосроос атгаад алдлаа.
Б.Хулан медалийн төлөөх барилдаанд Беларусийн Ирина Курачкинатай хүч тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн ч шүүгч түүний сүүлийн 2 оноог цагтаа амжаагүй гэж үзсэн тул эцсийн мөчид 12:11-ээр ялагдал хүлээлээ.
Т.Энхжин хүрлийн төлөө Японы Нана Икехататай өрсөлдөж, оноогоор ялагдав. Тэрбээр ийн хоёр жил дараалан дэлхийн дэвжээнд хүрэл медалийн төлөө барилдлаа. Ийн манай хоёр тамирчин энэ удаагийн тэмцээнээ тавдугаар байраар өндөрлүүлэв.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн сүүлийн хоёр жин болох 55, 59 кг-ийн жингийн барилдаан өрнөх бөгөөд манай тамирчин Ц.Намуунцэцэг, Х.Болортуяа нар дэвжээнд гарна. Мөн өмнөх жингийн медалийн төлөөх барилдаанууд үргэлжлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хүрлийн төлөө өрсөлдөнө.
Мөн эрэгтэйчүүдийн 58 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж буй эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ийн жинд Т.Дэмчигдорж, Б.Зэнээмэдэр зодоглоно. Энэ өдрийн барилдаанууд 13.30 цагаас хэсгийн барилдаанаар эхэлнэ.
