Завхан аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь “Хан хужирт“ амралтын газар сургалтад хамрагджээ. “Хан хужирт“ нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хувийн эзэмшил бөгөөд Завханы улстөрд орсон цагаасаа нутгийнхаа төр, захиргааныхныг үе үе авчирч, үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч аймгийн ИТХ-ынхны ээлжит нэгэн сургалт болж, орой нь архидан согтуурсны улмаас зодолдож, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аймгийн АН-ын дарга Б.Төрмөнхийн толгойг аягаар цохиж хагалж, ноцтой гэмтэл учруулжээ. Мөн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Мөнхзориг Цагаанхайрхан сумын Засаг дарга С.Бат-Амгалангийн өрөөсөн нүдийг тэс цохьсон ба зарим хүний хөмсөг, уруул сэтэрчээ.
Зодоонд дээрх дөрвөн төлөөлөгчөөс гадна аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Нөмрөг сумын Засаг дарга Н.Дашдондов нар байсан гэнэ.
Зодооны улмаас гэмтсэн хүмүүсийн гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх эмнэлгийн шинжээч эмч томилогдон ажиллаж байгаа ба ЦЕГ-т ч бүртгэгджээ.
ЗОДООН ЮУНААС БОЛОВ?
Эх сурвалжийн мэдээлснээр, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярыг огцруулах ажиллагааг УИХ-ын экс гишүүдийн зүгээс зохион байгуулалттай өрнүүлж байгаа аж.
Том тойрогт болсон өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Завханы хоёр гишүүн дахин нэр дэвшээд ялагдсан. УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын ялагдал баруун дөрвөн аймгаас шалтгаалсан учир зөвхөн Завхан аймагт ялагдсан гэсэн үг биш юм. Гэсэн ч өөрсдийнхөө ялагдалд Завхан аймгийн МАН-ын хороо, Засаг дарга Г.Өнөрбаярыг буруутай гэж үзсээр иржээ.
Тиймдээ ч аймгийн МАН-ын дарга, Засаг дарга Г.Өнөрбаярыг огцруулж, улмаар өөрийнхөө хүнийг тавьж, “намаа авна” хэмээн экс гишүүд, тэдний гар, хөл болсон доод албан тушаалтнууд нь зүтгэх болжээ.
Одоогийн Засаг дарга Г.Өнөрбаярыг НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас нь буулган аймгийн Засаг дарга, МАН-ын даргад зүтгүүлэх ажил нь тухайн үедээ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн санаачлага байсан гэдэг. Учир нь улстөрийн албан тушаалыг тухайн үед төрд ажиллаж байсан өндөр албан тушаалтнууд буюу Төрийн нарийн бичгийн дарга нарынхаа дундаас хайжээ.
Аймгийн өмнөх дарга, Ц.Цэрэнпунцагийн багын найз Д.Түвшинжаргалыг Завханы намын гишүүдийн гомдол саналаар арга буюу огцруулаад удаагүй байсан ч Г.Өнөрбаяр саналыг хүлээн авч, Засаг даргаар өрсөлдөгчгүй тодорсон түүхтэй. Г.Өнөрбаярыг ажиллах үед Завханы МАН УИХ-ын сонгуулиар гишүүнгүй болж, харин орон нутагтаа ялалт байгуулсан.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын даргаар Б.Санжсүрэн томилогдсон бөгөөд түүн дээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Улам-Оргих, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат нар нэмэгдэж экс гишүүдийн гар, хөл болон Засаг даргаа огцруулахаар зүтгэж байгаа аж.
Харин аймгийн АН-ын дарга Б.Төрмөнх Засаг дарга Г.Өнөрбаярыг огцруулах шаардлагагүй гэж хэлснээр зодоон үүсчээ.
Ер нь Завхан аймгийн МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд ч дотоод хагаралтай байсан бөгөөд учир шалтгаан нь УИХ-ын гишүүд, экс гишүүдийн шунал, хүслээс болдог ажээ. Уг нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын дотоод хэрэгт “дээрээс оролцох” оролцоогоо багасгачихвал орон нутгийнхан эвтэй найртай байхсан.