УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-аас анх удаа баталж буй энэхүү хууль нь ердөө 9 зүйлтэй хэдий ч Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, төсвийн бодлогод томоохон эргэлт хийхүйц ач холбогдолтой зохицуулалтуудыг тусгажээ. Хуулийн төслийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай ахалж ажилласан байна.
Шинэ хуулийн гол зорилго нь БНЭУ-ын Засгийн газрын зээлээр 2018 оноос хойш баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болон БНХАУ-ын зээлээр баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг стратегийн чухал мега төслүүдийг түргэн хугацаанд ашиглалтад оруулж, зээлийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэжээ.
Хууль батлагдсанаар Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, улмаар импортын шатахууны хараат байдлаас гарах суурь бүрдэнэ.
Түүнчлэн жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гадаадын зээлийн эх үүсвэрээр эрчимтэй хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Хуулийн 3 дугаар зүйлд зааснаар эдгээр хоёр мега төсөл нь “тусгай эрх” эдэлж, онцгой горимоор санхүүжихээр тусгагджээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад соёрхон батлагдсан, хэрэгжиж буй нийт 20.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 74 төсөл байгаагаас ердөө 34 хувийг нь л ашиглаад байна. Эдгээр зээлийн гэрээ, хэлэлцээрийн 82 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах хугацаатай байгаа нь уг төслүүдийг яаралтай ашиглалтад оруулах бодит шаардлагыг үүсгээд байсан юм.
Энэхүү хуулийн гол зангилаа зохицуулалт нь төсвийн хатуу хязгаарлалтыг “алгасах” заалт юм.
Одоогийн мөрдөж буй хуулиар төсвийн алдагдал ДНБ-ий тодорхой хувиас хэтрэх ёсгүй байдаг бол шинэ хуулийн 4 дүгээр зүйлд “Дээрх мега төслүүдийн гадаад зээлийн санхүүжилт нь Төсвийн хүрээний мэдэгдэл дэх нийт зарлага болон алдагдлын хязгаарт үл хамаарна” гэж заажээ.
Түүнчлэн төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтэрч болохыг хуульчлан зөвшөөрсөн байна. Ингэснээр Засгийн газарт төсвийн хатуу босгыг давалгүйгээр эдгээр стратегийн хоёр төсөлд зориулж гадаад зээл авах, зарцуулах “чөлөөт карт” олгогдож байгаа бөгөөд энэ нь мега төслүүдийг санхүүжилтийн гацаанаас гаргах чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.
