“Таны илгээсэн и-мэйл техникийн сааталгүй, аюулгүй хүрэх нөхцөлийг мэдээллийн аюулгүй байдал гэж ойлгож болно”

Манай улсын кибер аюулгүй байдлын нөхцөл байдал болон хууль, эрх зүйн орчин ямар байгаа талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Г.Гантуяатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд кибер аюулгүй байдлын талаар ихээхэн ярих боллоо. Кибер аюулгүй байдлыг хангахын ач холбогдлын талаар та энгий­нээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Кибер орчинд мэдээлэл нууцлагдсан, бүрэн бү­­­­тэн, хүртээмжтэй байх нь суурь шаардлага юм. Жи­­­­шээлбэл, таны илгээсэн и-мэйл замаасаа алга болохгүй, өөрчлөгдөхгүй, задрахгүйгээр тухайн хүндээ хүрэх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, техникийн саа­­талгүй, аюулгүй нөхцөлд харилцан мэдээлэл солилцох боломж бүрдүүлж байгааг мэдээллийн аюулгүй байдал гэж ойлгож болно.

Кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг том бүрэлдэхүүн хэсэг. Үндэсний аюулгүй байдлын ойлголт сүүлийн 100 жилийн турш хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг их сонирхолтой. XX зууны эхэн үед АНУ-ын төрийн бодлогын баримт би­ чигт үндэсний аюулгүй байдлыг хил болон батлан хамгаалах бодлого, гадаад цэргийн түрэмгийлэлд хариу үзүүлэх цэрэг стратегийн чадамжийн аюулгүй байдал хэмээн үздэг байсан. Дэлхийн II дайны үеэс эдийн засгийн тогтвортой байдал, стратегийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа, аж үйлдвэрийн хүчин чадал гэх мэтээр өргөжүүлэх болов. Товчхондоо, үндэсний аюулгүй байдал нь цэргийн асуудал байсан бол нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй уялдаж өөрчлөгдсөн. Тодруулбал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тогтолцоонд гадаад, дотоод аюул занал­­хийллээс хамгаалах чадвараараа улс өөрийнхөө аюулгүй байдлыг хэмжиж эхэлсэн.

 

Кибер аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг том бүрэлдэхүүн хэсэг. Үндэсний аюулгүй байдлын ойлголт сүүлийн 100 жилийн турш хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг их сонирхолтой. XX зууны эхэн үед АНУ-ын төрийн бодлогын баримт би­ чигт үндэсний аюулгүй байдлыг хил болон батлан хамгаалах бодлого, гадаад цэргийн түрэмгийлэлд хариу үзүүлэх цэрэг стратегийн чадамжийн аюулгүй байдал хэмээн үздэг байсан.

Дэлхийн II дайны үеэс эдийн засгийн тогтвортой байдал, стратегийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа, аж үйлдвэрийн хүчин чадал гэх мэтээр өргөжүүлэх болов. Товчхондоо, үндэсний аюулгүй байдал нь цэргийн асуудал байсан бол нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй уялдаж өөрчлөгдсөн. Тодруулбал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тогтолцоонд гадаад, дотоод аюул занал­­хийллээс хамгаалах чадвараараа улс өөрийнхөө аюулгүй байдлыг хэмжиж эхэлсэн.

1991 оноос хойш хүмүүс өөрсдөө аюулгүй байдалдаа аюул учруулах болсон буюу үйлдвэрлэгдсэн эрсдэлүүд үүссэн байна. Жишээ нь, эдийн засгийн тогтворгүй байдал, байгаль орчны доройтол, цар тахал, олон улсын терроризм, халдварт өвчин, шинжлэх ухааны дэвшил зэрэг нь хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон байдаг. 1994 онд НҮБ-ын Хүний хөгжлийн тайланд анх удаа хүний аюулгүй байдлын тухай тусгасан. Үүнээс үүдэлтэй үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг нь хүн өөрөө юм гэсэн үзэл баримтлал бий болсон. Өөрөөр хэлбэл, иргэн төвтэй шинэ үзэл баримтлал үүсжээ. Энэ нь явсаар XXI зуунд цахим шилжилт маш эрчимтэй явагдаж, кибер орон зай гэх ойлголт бий болсон. Дэлхийн нийт хүн амын 70 хувь нь цахим орчинд байнгын идэвхтэй бөгөөд үүнд хамгаалалт хэрэгтэй. 2010 онд НАТО стратегийн баримт бичигтээ кибер орон зайг хуурай зам, тэнгис, агаарынхтай адил хамгаалах шаардлагатай гэж тодорхойлсон. Эдгээртэй адил кибер орон зайд ч дайтаж болно. Тухайлбал, хүний сайн сайхан байдлын төлөө хийсэн технологийг цэргийн зэвсэг болгон ашиглах гэх мэт.

АУДИТ ХИЙЛГЭСНЭЭС ТОРГУУЛЬ ТӨЛӨХИЙГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

-Улсын онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд гэж бий. Тэдгээрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж байна вэ?

-Кибер аюулгүй байдлын тухай хуульд 17 салбарыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага гэж заасан. Мөн 2022 онд үүнд хамаарах 216 байгууллагыг жагсаасан. Өөрөөр хэлбэл, кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, сүлжээ бүхий байгууллагыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй гэж үзнэ. Жишээ нь, кибер халдлагын улмаас бүх банк ажиллахаа больчихвол бид төлбөр тооцоогоо хийж чадахаа байж, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүснэ. Эрчим хүч, үүрэн холбооны оператор компаниуд зэрэг хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж болохгүй байгууллагыг үүнд хамаатуулж байгаа юм.

Эдгээр байгууллага мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд кибер аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан салбарын байгууллагууд дээрх үнэлгээг хийлгэх ёстой гэсэн үг. Ингэхдээ хувийн байгууллагууд Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд, улсынх нь Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний төвд тайлангаа өгдөг. Мөн кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17-д заасан кибер орчинд дундын мэдээллийн системээр дамжуулан мэдээлэл боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцоолуурын болон түүний хэвийн үйл ажиллагааг хангахад мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд аудитын дүгнэлтээ өгөх ёстой. Гэтэл энэ нь маш хангалтгүй байна.

-Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй, 17 салбарын 160 гаруй байгууллагын мэргэжилтэнтэй уулзаж, ярилцсан. Тэд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн. Тухайлбал, Кибер аюулгүй байдлын тухай хуульд стратегийн хүнс үйлдвэрлэгч, хадгалагч, түгээгч байгууллагыг онц, чухал мэдээллийн дэд бүтэцтэй гэж заасан. Гэтэл Засгийн газрын 2022 оны 207 дугаар тогтоолоор ийм 216 байгууллагын жагсаалтыг гаргахдаа ерөнхийд нь заасан. Өөрөөр хэлбэл, кибер аюулгүй байдлыг хангах нь мэдээллийн сүлжээ, системийн асуудалтай холбогдож буй. Гэтэл стратегийн хүнс үйлдвэрлэгч гэдгээрээ баллонтой ус үйлдвэрлэгч компаниуд дээрх ангилалд багтаж, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай болж байгаа юм. Гэтэл тус газарт ямар нэгэн сүлжээ бүү хэл, компьютер ч байхгүй. Мөн мах, гурил, улаан буудай, будаа импортлогч байгууллагууд хүртэл онц, чухалд тооцогддог. Нэг ёсондоо шаардлагагүй газрууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад орчхоод байна.

-Эрүүл мэндийн салбар онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага. Гэтэл үүнд хувийн эмнэлгүүд багтаагүй гэж сонслоо. Сүүлд “Интермед” эмнэлэг хакердуулж, 280 мянга гаруй хүний хувийн мэдээлэл алдагдсан шүү дээ.

-Эрүүл мэнд, эрчим хүч, дулаан, цэвэр, бохир ус, хүн, малын гоц халдварт өвчин судлалын лаборатори, эм, химийн хортой бодисын байгуулага бүхий салбар багтдаг. Тухайлбал, II, III шатлалын эрүүл мэндийн байгууллагыг хуульд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хэмээн жагсаалтад багтаасан ч хувийн эмнэлгүүдийг нэр зааж оруулаагүй. Өөрөөр хэлбэл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг уншихаар хувийн эмнэлгүүдэд хамаатай юм шиг, жагсаалт харахаар нэр нь байхгүй байх жишээтэй. Энэ нь маргаан үүсгэх шалтгаан болж буй. Иймд хуулийг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хариуцлагын тогтолцоо нь сул болохоор байгууллагууд аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэхдээ хойрго хандаж байна. Эл үнэлгээг хийлгэхэд өртөг өндөр. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийлгэснээс торгууль төлөхийг илүүд үзэх болсон. Энэ мэт хэрэгцээ, шаардлагад үндэслэн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэхээр ЦХИХХЯ-нд ажлын хэсэг байгуулсан.

Кибер аюулгүй байдлын тухай хуульд “хүн хэвтэн эмчлүүлдэг” гэх өгүүлбэр бий. Энэ утгаараа хувийн томоохон эмнэлгүүд аудитын тайлангаа өгөх ёстой. Манай улсад кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, хууль нь шинэ учраас иргэд, байгууллагыг энэ талын мэдээллээр хангах, мэргэжилтнүүд туслах зайлшгүй шаардлагатай байна. Манай төвөөс эмзэг байдал, хортой программ илэрсэн, халдлагад өртсөн байж болзошгүй байгууллагад очиж, тусламж үзүүлдэг. Өнгөрсөн сард 10 орчим байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийж, 54 мянган өвчтөн, санхүү хүний нөөцийн мэдээлэл алдагдахаас сэргийллээ. “Интермед” эмнэлгийн хувьд “Эмзэг байдал үүссэн байна” гэж өмнө нь бичгээр мэдэгдсэн. Одоогоор манай төвд хувийн 30 гаруй байгууллага мэдээллийн аюулгүй байдлын тайлан, 10 гаруй аж ахуйн нэгж кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээгээ ирүүлээд байна. Цаашид эдгээр тайланг цаасаар биш, цахимаар авахаар ажиллаж байгаа.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СЭЖИГТЭЙ 196 757 ҮЙЛДЭЛ БҮРТГЭГДСЭН

-Манай улсын Засгийн газар, зэвсэгт хүчин, эрүүл мэндийн салбарынхан кибер халдлагад өртөх нь их байна. Сүүлийн үеийн тоон мэдээлэл өгөхгүй юү?

-Манай “PubCERT сollector” системийн цуглуулж, дүн шинжилгээ хийсэн хамгийн сүү­ лийн мэдээллээр Монгол Улсад бүртгэлтэй 10 мянга орчим IP хаягт сүүлийн долоо хоногийн хугацаанд нийт 196 757 кибер аюулгүй байдлын эвент буюу сэжигтэй болон эрсдэлтэй үйлдэл бүртгэгдсэн. Эдгээр эвентийн 165 334 нь халдлагад өртсөн байж болзошгүй буюу системийн аюулгүй байдал алдагдсан байж болох шинж тэмдэг илэрсэн. Мөн 2612 тохиолдолд олон нийтэд ил болсон, засвар хийгдээгүй эмзэг байдал илэрч, халдагч этгээдүүд ашиглах боломжтой хэвээр буйг харуулж байна. Эдгээр тоо баримт нь Монгол Улсад кибер халдлагаас урьдчилан сэргийлэх хамгаалалтыг бэхжүүлэх, эмзэг байдлыг цаг тухайд нь засах, мөн байгууллага, иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага өндөр байгааг харуулж буй юм. Тухайлбал, манай улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 орчим хувийг цахим орчинд үйлдэж буй гэмт хэрэг эзлэх болсон. Тэдгээрийн 90 орчим хувь нь цахим залилан.

-Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр манай улс 193 орноос 103-т буюу бэхжиж буй түвшинд үнэлэгдсэн. Ахиц гарч байгаа гэж харсан.

-Монгол Улс 2020 онд 194 орноос 120 дугаар байрт орж байсан бол 2024 онд 17 байраар урагшилж, 103-т бичигдсэн. 2020 онд манай улсыг кибер аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч техникийн чадвар төдийлөн сайжраагүй гэж дүгнэсэн. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн дагуу гурван төв байгуулсан. Индекс 2020 оныхоос буурсан үзүүлэлт нь хамтын ажиллагаа. Үүнийг юугаар хэмждэг вэ гэхээр төр, хувийн хэвшлийн түншлэл, бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн конвенц, олон улсын санаачилгад нэгдсэн байдлыг харгалзан үздэг. Үүнд манай улс нэлээн тааруу үнэлгээ авсан. Энэ бүхний эцэст бэхжиж буй түвшинд үнэлэгдсэн. Засгийн газраас 2030 он гэхэд кибер аюулгүй байдлын индексийг 81 оноонд хүргэх зорилготой ажиллаж байна.

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ЧАНАРЫГ ХЭМЖИХ ТОГТОЛЦОО БҮРДЭЭГҮЙ

-ЦХИХХЯ, Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Үүний мөрөөр ямар ажил хийж байна?

-Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвөөс гаргадаг судалгаанд дэлхийн олон улс хамрагддаг. Манай улс стандарт хэрэгжүүлэлт, технологи, кибер аюулгүй байдлын чадавх, хүний нөөц, хууль, эрх зүйн орчин зэрэг таван хэмжүүр үзүүлэлтээр шалгуулсан. Үүний дараа зөвлөмж, дүгнэлт өгсөн. Аль үзүүлэлтэд зөвлөмжийн тоо олон тэнд асуудал байна гэсэн үг. Тухайлбал, технологи гэсэн үзүүлэлт хамгийн олон буюу 36 зөвлөмж ирсэн. Хамгийн бага зөвлөмжийг хууль, эрх зүйн орчинд “өгсөн” байна. Тэгэхээр манай улс технологийн болон стандартын асуудалд хамгийн ихээр анхаарах ёстой. Программ хангамжийн чанар, соёл Монголд бараг байхгүй. Программ хангамж хөгжүүлэгчид ямар нэгэн вэб хуудас, аппликэйшн хөгжүүлэхдээ осолдохгүй ажиллуулаад л орхидгоос биш, кодын түвшнээс эхлээд аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг тооцох талд дутагдалтай. Өөрөөр хэлбэл, манайд программ хангамжийн чанарыг хэмжих тогтолцоо бүрдээгүй.

Цахим залилагч, хакеруудад иргэд өөрсдөө мэдээллээ “өгчихдөг” гэдэг. Юунд анхаарах талд зөвлөхгүй юү?

-Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаа­лах ур чадвар сул байна. 2022 оны үед 9000 орчим хүнийг хамруулсан суурь судалгаанд 26 хувь нь л мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадаж байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр 70-80 хувь нь мэдлэг, мэдээлэлгүй гэсэн үг. Тэр тусмаа эмзэг бүлэг, ахмад настан, хүүхдүүд цахим орчинд залилуулах, гэмт хэрэгт өртөх нь түгээмэл. Сүүлд манай төвөөс фишинг халдлагыг сургалтын зорилгоор туршиж үзэхэд 247 хүний 123 нь эмзэг мэдээллээ алдсан.

Эх  сурвалж: Өнөөдөр сонин

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn