
МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбаттай МАН-ын дотоод зөрчил төрийн зовлон болж даамжирвал юу болох талаар ярилцлаа.
-МАН-ын дотоод зөрчил явсаар ҮАБЗ-ийн хоёр гишүүний зөрчил болж хувирлаа. Энэ зөрчил даамжирвал улс орны эрх ашиг ямар хохирол учруулах вэ?
– Өнөөдөр нэг намын дотоод асуудал мэт харагдаж байгаа боловч өрсөлдөөн, хагаралдаанд оролцож байгаа хоёр субъектийн нэг нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, нэг нь хууль тогтоох засаглалын тэргүүн байна. Цаад утгаараа Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь юм.
МАН өөрөө эрх барьж байгаа нам. Эрх барьж байгаа намын хагарал шууд төрийн асуудал болж хувирч байна. МАН-ын даргын өрсөлдөөнөөс болоод зөрчилдсөн хоёр хүн хоёр засаглалын тэргүүн. Ийм учраас энэ зөрчил, тэмцэл цаашаа даамжирвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирах эрсдэлтэй.
Тийм учраас ийм эрсдэл үүсвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой байр сууриа илэрхийлж, эвлэрүүлэх, зөрчлийг намжаахын төлөө ажиллахаас өөр аргагүй. Гэхдээ тийм нөхцөл байдал руу битгий явчихаасай л гэж бодож байна.
-Ийм нөхцөлд Ерөнхийлөгч оролцох хууль, эрх зүйн ямар боломж байна вэ?
Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувьд ийм асуудалд оролцох хууль эрх зүйн ямар боломж байдаг юм. Эсвэл зүгээр шууд оролцож эвлэрүүлэх юм уу, эсвэл аль нэгийг нь огцруулах юм уу.
Ингээд даамжраад төрийн үйл ажиллагаа гацах, төсвөө баталж чадахгүй болох, парламентын үйл ажиллагаа зогсох, Засгийн газрын үйл ажиллагаа доголдох энэ болгонд чинь үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөнө шүү дээ.
Монголын төрийн үйл ажиллагаа нэг цаг хором ч зогсож болохгүй, үргэлжлэх ёстой.
Гэтэл зөрчил, тэмцлээс болоод Монгол төрийн үйл ажиллагаа зогсоход хүрвэл Ерөнхийлөгч оролцохоос өөр арга байхгүй шүү дээ. Тэр утгаараа. Түүнээс биш Ерөнхийлөгч намын асуудалд оролцоно гэдэг утгаараа биш.
Хэдийгээр нам, төр хоёр тусдаа институц боловч эцсийн дүндээ улс төрийн сонгуульд намууд оролцдог. Сонгогчдын олонхын дэмжлэг авсан нам нь засгаа бүрдүүлдэг, эрхээ барьдаг тогтолцоотой байгаа тохиолдолд энэ уялдаа холбоо талаас бодож байна л даа.
Тийм учраас Ерөнхийлөгч оролцохоос аргагүй нөхцөл байдал руу түлхчих вий гэж судлаачийн хувьд бодож сууна.
–Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хоёр гишүүний аль нэгэнтэй нь хуралдаад ч юмуу, аль нэгнийх нь талд шийдвэр гаргах боломж бий юу?
-Тийм боломж байхгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчөөр сонгогдоод шууд намаас түдгэлздэг.
Ерөнхийлөгч аль нэг талд нь орох хууль эрх зүйн боломж байхгүй. Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүний хувьд аль нэг талд нь орж угаасаа болохгүй шүү дээ.
Тийм учраас яг оролцох тохиолдолд хоёуланг нь суулгаж байгаад, тэгэхдээ нам дотроо ингэж шийд гэдэг чиглэл өгч болох байх. Хоёрдугаарт, төрийн үйл ажиллагааг зогсоохгүй, доголдуулахгүй байх тал дээр хоёуланд нь бас үүрэг даалгавар өгөх байх.
Хэрвээ энэ байдал цаашаа даамжраад төрийн үйл ажиллагаа доголдох, төсвөө баталж чадахгүй болох нөхцөл байдал үүсэх юм болбол энэ өрсөлдөж байгаа хоёр субъект хоёулаа хариуцлага хүлээнэ.
Ингэх дээрээ тулбал харин намын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөнөөс илүү хатуу байх болно. Энэ бол Монголын төр, ард түмний эрх ашиг шүү дээ.