Д.Амарбаясгалан: МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр байлгахын төлөө намын даргын сонгуульд нэр дэвшинэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр МАН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын эхэнд тэрбээр Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв.

Ингээд түүний хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсад парламентын засаглал үүсэж бий болсон цагаас хойш одоо 9 дэх удаагийн парламентын сонгууль өнгөрсөн жил амжилттай зохион байгуулагдсан. Үр дүнгээр нь Монгол Улсад анх удаагаа 126 гишүүнтэй 5 намын оролцоотой парламент бий болсон. Тун удахгүй буюу ирэх 7 хоногийн даваа гарагт 9 дүгээр сарын 15-нд шинээр байгуулагдсан парламентын 2 дахь намрын чуулган нээлтээ хийхээр болж байгаа. За энэ жил одоо УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орсноор 9 дүгээр сарын 15-наас УИХ-ын чуулган албан ёсоор эхэлдэг болсон.

15 хоногоор урагш нь татаж хуралддаг болсон үндсэн шалтгаан бол төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээгээр хэлэлцэх, иргэд, сонгогчид, нийгмийн бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг өргөн хүрээгээр зохион байгуулдаг байх нөхцөлийг хангах зорилгыг агуулж хуулийн өөрчлөлтийг хийсэн гэдгийг бас та бүхэндээ хэлэхийг хүсэж байна.

За шинээр бүрдсэн парламент  олон намын оролцоотой болсноороо улс төрийн намуудын институц бэхжих,  улс төрийн намуудын хариуцлага сайжрах  шаардлагыг  аяндаа бий болгож  байгаа.

Нөгөө талаар Монгол Улсад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулаад улс төрийн намууд бас өөрсдийн Их хурлуудаа зохион байгуулж,  намын дарга удирдлагуудаа сонгож,  шинээр Дээд шүүхэд бүртгүүлэх ажил  явагдаж байна.

Хамгийн түрүүнд АН өнгөрсөн сард хурлаа зохион байгууллаа

АН-ын тухайд нээлттэй ардчилсан байдлаар дотоод сонгуулиа зохион байгуулж чадсан. Улс төрийн намуудад үлгэр жишээ болохуйц энэ ажлыг  амжилттай хийж чадлаа гэж дүгнэж байгаа. Тийм учраас нийт  гишүүддээ   нээлттэй,  цэвэр өрсөлдөөний замаар  мэтгэлцээний арга хэлбэрээр намын даргаа сонгож чадсанд баяр хүргэж байгаа юм.

Мөн энэ одоо үр дүнгээр АН-ын шинэ цаг үеийн лидер буюу намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Цогтгэрэл даргад бас баяр хүргэж,  ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Парламентын тогтолцоо гэдэг бол парламентад суудалтай улс төрийн намуудаас шууд хамааралтай байдаг. Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын хариуцлага, үнэт зүйл, хөгжил дэвшил   нь төрийн шийдвэр гаргах процесст шууд нөлөөлж байдаг. Төрийн шийдвэр илүү мэргэн, илүү чанартай, илүү  хэрэгжих боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн байна гэдэг нь өөрөө улс төрийн намуудын хөгжил, улс төрийн нам хэрхэн институц байх вэ гэдгээс шууд хамаардаг зүйл.

Тэр утгаараа би одоо парламентын спикерийн хувьд парламентад суудалтай намуудын институтжих байдал дээр илүү анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

2022 онд анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ санаачилж байсан. Тухайн цаг үеийн  зорилго маань хоёр  их гүрний дунд орших арчилсан Монгол улсын парламентын засаглалын дархлааг улам бүр нэмэгдүүлэх  байсан.

МАН хэдийгээр хоёр  дараалсан үнэмлэхүй ялалтыг байгуулж, дангаараа засгийн эрхийг барьж байсан хэдий ч нэг намын дарангуйлал тогтох эрсдэлээс урьдчилан сэргийлж парламентад олон намын оролцоог хангах зорилгыг агуулж байсан гэдгийг бас та бүхэндээ хэлэхийг хүсэж байгаа юм.

Тэр ч утгаараа өнөөдрийн парламент дахь улс төрийн намуудын институцийн байдлыг баталгаажуулахын төлөө парламент  ажиллаж байгаа.

Өнгөрсөн намрын чуулганаар бид УИХ-ын стратегийг баталж өмнөх их хурлуудаас ялгаатай нь дөрвөн  жилийн төлөвлөгөө биш,  УИХ гэдэг байгууллагын өөрийн стратегийг албан ёсоор баталж хүн төвтэй эрх зүйн орчныг бодитой бий болгох, Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулийн.үзэл баримтлал,  философийг  социалист нийгмээс салж чадаагүй байгаа нөхцөлийг бүрэн өөрчлөх  зорилгыг тавьж стратегиа  баталсан.

Бид ирэх намрын чуулганаар 5 гол чухал зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллах зорилгыг тавьж байна. Олон янзын судалгаа харж, олон янзын жагсаал цуглаан, мөн  ард иргэдтэй уулзаж, тойргоороо явж иргэд сонгогчидтой уулзаж байгаа уулзалтуудаас гарч байгаа дүгнэлтээр бол  өнөөдөр Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна гэдэг асуудал тов тодорхой болж байгаа.

Төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа энэ цаг үеийг бид зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Ялангуяа парламентад суудалтай байгаа 5 нам зөвшилцөл концессусыг өндөр түвшинд хийж,  төрийн сул тал, дутагдал болж, ард иргэдийн  шүүмжлэлд өртөж байгаа тэр хэсэг болгоныг засаж залруулахын төлөө хамтарч ажиллах  шаардлагатай.

Тэгээд энэ хүрээндээ 5 зүйл дээр төвлөрч ажиллана. Би ирэх 7 хоногт чуулганы нээлт дээр энэ бодлогоо  зарлана.

Нэгдүгээрт,  

Монголын төрийн данхайсан бүтцийг  зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Социализмын үеэс эхлэлтэй энэ төрийн бүтэц өнөөдөр нийгмийн асуудал болсон байна. Олон яамтай, олон агентлагтай, шаардлагагүй мөртөө маш олон төрийн болон орон нутгийн өмчит компаниудтай байгаа байдал нь Монголын төрийн маш том сул тал болсон. Төрийн бүтцийн дахин шинэчлэлийг , дахин инженерчлэлийг бид албан ёсоор хийх шаардлагатай гэж үзэж байгаа.

Тэгэхээр парламент намрын чуулганаар энэ асуудал дээр голлон  анхаарч ажиллана.

Хоёрдугаарт,

УИХ-ын хаврын чуулган төрийн процессын дахин инженерчлэлийн үзэл баримтлалыг баталж,  Засгийн газарт  тогтоолоор үүрэг өгсөн байгаа. Хэдэн мянган давхардсан шаардлагагүй процессуудыг бид үгүй хийх ёстой.

Ард иргэдэд хүндрэл,  хүнд суртлыг үүсгэж байгаа энэ олон процессыг байхгүй болгосноор төр илүү хурдтай, ард иргэдэд илүү хүнд сурталгүй үйлчилгээ  үзүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэг талаасаа болбол бид харж байгаа.

Тэгэхээр энэ процессын дахин инженерчлэлийг бодитой ажил хэрэг болгохын төлөө УИХ хяналт тавьж,  Засгийн газарт шаардлага тавьж ажиллана.

Гуравдугаарт,  

Хууль тогтоомжийн хуульд бид хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Уг хуульд орсон өөрчлөлтийн үндсэн зорилго Монгол Улсад авлига хүнд суртлын суурь болсон олон мянган дүрэм журмыг хуульд шингээх,  энэ зорилгыг агуулснаар энэ хууль тогтоомжийн хуулийн өөрчлөлтийг бид хийж чадсан байгаа юм.

Нэг ёсондоо өнөөдөр Монгол Улсад нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль, 2768 журам байгаа. Үндсэндээ бол нийгмийн харилцааны 30 хувийг  бид хуулиар зохицуулаад,  70 хувийг нь дүрэм журмаар зохицуулж байгаа. Энэ харилцаа өнөөдөр нийгмийн тэгш бус байдлыг,  хөрөнгө чинээтэй эрх мэдэлтэй хүмүүст илүү боломжийг олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм.

Тийм учраас Засгийн газарт өгсөн үүргээр ирэх оны тавдугаар сарын 1-ний дотор энэ 2700 хэм хэмжээ тогтоож байгаа журмуудыг хуульд шингээх, хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтаа хийж чаддаг болох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарна.

Дөрөвдүгээрт,

Татварын багц хуультай холбоотой асуудал яригдаж байна.. Сүүлийн жилүүдэд татварын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар иргэд, бизнес эрхлэгчдийн зүгээс олон талын санал хүсэлт гомдлыг гаргаж байгаа. Өнөөдөр Засгийн газраас өргөн баригдахаар бэлтгэгдээд, парламентын сайт дээр тавигдаж, иргэдийн саналыг авч байгаа тэр төслийг бас харж үзлээ. Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа хэмжээний томоохон өөрчлөлтийг хийж чадахааргүй төсөл явж байна гэж миний хувьд дүгнэж байгаа.

Одоо татварын багц хуульд бид косметик хэлбэрийн өөрчлөлт хийснээр бизнес эрхлэгчид болон ард иргэдэд дэмжлэг үзүүлэх татварын хөнгөлөлт авчрах тэр боломж хангалттай бүрдэхгүй ээ.

Өнөөдөр Монгол улсад татварын реформ хэрэгтэй гэдэгтэй бид санал нэгдэх ёстой. Монгол Улс татвараар орлогоо бүрдүүлж, орлогоороо зардлаа гаргадаг ганцхан аргачлалтай улс. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудын жишээг харахад татварыг юуны төлөө авдаг юм, татварыг юуны төлөө хөнгөлдөг юм, ямар учраас бизнесийг дэмжих  татварын бодлогыг хэрэгжүүлдэг юм бэ гэдэг маш тодорхой зүйл байна

Энэ удаагийн намрын чуулган дээр татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт биш реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг хийх санаачилгыг гаргаж ажиллана.

Тавдугаарт,

нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудал яригдаж ирлээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудал тогтмол яригдаж ирсэн. Өнөөдөр нийгмийн даатгалын нэгдсэн сан алдагдалтай ажиллаж байгаа учраас нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах боломжгүй. Нөгөө талаасаа тэтгэврийг нэмэх боломжгүй ээ гэж үе үеийн Засгийн газрын  зүгээс үзэж ирсэн.

Гэхдээ Монгол Улсаас бусад бараг бүх улс орон хуримтлалын хувийн нэрийн данстай болчихсон. Энэ  нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх зам аргыг бүрэн эрэлхийлж чадахгүй байгаад байгаа  сул талыг энэ удаагийн намрын чуулганаар бид хэлэлцээч өөрчилнө. Өнөөдөр Засгийн газраас өргөн барихаар бэлдсэн байгаа нийгмийн даатгалын багц хуулийн бас төслийг нь авч үзсэн. Хаврын чуулганаар өргөн барихад нь   Их хурлын даргын хувьд  хүлээж аваагүй ээ. Яагаад гэвэл  уг хуулийн төслийн үндсэн зорилго нь өнөөдрийн байгаа нийгмийн даатгалын нэгдсэн сангийн алдагдлыг байхгүй болгох зорилгыг агуулсан.

Гэтэл ард иргэдийн зүгээс хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах хуримтлалын нэгдсэн сантай болох тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Тэгэхээр иргэдийн хүсэл тийм байхад бид өнөөдрийн өргөн барих гэж байгаа төслийн хүрээнд хэлэлцэх юм бол төр иргэдээ мэдрээгүй,  нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаагүй хуулийг хэлэлцэж батлах нөхцөл рүү явж байна.

Тэгэхээр УИХ эдгээр 5 асуудал дээр ирэх намрын чуулган дээр  төвлөрч ажиллана.

УИХ  улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт гэдэг зүйлийг байнга дэмжиж явах учиртай. Улс төрийн нам амьд организм. Өдөр бүр шинэчлэгдэж өөрчлөгдөж дэлхий нийтийн нийгмийн асар том өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч, өөрсдөө өөрчлөгдөж чаддаг байж байж улс төрийн нам амьд оршин тогтнодог. Тэгж явж чадаж байж иргэд, сонгогчид, залуу үеийнхээ дэмжлэгийг авч чаддаг гэдэгтэй та бүхэн бүгдээрээ санал нэгдэнэ.

Тийм учраас би өнөөдөр албан ёсоор бас мэдэгдэл хийхийг хүссэн. Монгол Улс хувь хүн бус, хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой.  Үүний төлөө улс төрийн нам бүр, үе үеийн сонгууль, үеийн үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн. Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс   ардчилсан парламентынхаа дархлааг улам бүүр дархлаажуулж, баталгаажуулж явж байх учиртай байдаг.

Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг тэр нийгмийг бид бодитоор  цогцлоон хөгжүүлэх ёстой. Энэ бол  Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө,  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман  жилийн туршид ажиллаж, шинэчлэл, өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа хувьд,  удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг авч Ерөнхий нарийн бичгийн даргаар  сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшинэ  гэдгээ  албан ёсоор мэдэгдэж  байна. Миний Монголын мөнх хөх тэнгэр, миний Монголын хөгжил дэвшил мөнхөд мандран бодох болтугай.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn