Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах заалт тусгагдсан нь биологичид,байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.
Энэ асуудлаар МУИС-ийн багш, биологийн ухааны доктор Д.Өсөхжаргалын байр суурийг хүргэе.
Хууль дээдэлдэг улсад энэ бол байж болшгүй зүйл. Нийт 6.5 сая га талбайтай, Монгол улсын 120 тусгай хамгаалалттай газрын хамгийн том, дэлхийн 100 гаруй мянган тусгай хамгаалалттай газраас 15-д ордог Монголоос хальсан дэлхийн хэмжээний тусгай хамгаалалттай газар бол Их говийн дархан цаазат газар.
1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ч дархан цаазат газраар авагдсан. Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар ч дархан газраар дархлагдсан.
Дархан цаазат газар гэдэг нь бусад бүх тусгай хамгаалалттай газраас хамгийн чанга дэглэмтэй, хамгийн үнэ цэнэтэй,зайлшгүй хамгаалж авч үлдэх газар байдаг. Дархан цаазат газарт ажиглах байдлаар судалгаа явуулахаас бусад бүх үйл ажиллагаа хориотой.
Бид энэ дархан газрын зөвхөн нүдэнд үзэгддэг, тоо толгойг нь мэддэг мазаалай, хавтгайн тухай л ярьж байгаа. Гэтэл энд бгаа бүх амьтад Төв Азийн эндимик буюу унаган зүйл. Бүгд ховордлын зэрэг асар өндөр амьтад. Нарансэвстэйн боомт хэрэв ашиглалтад орвол эндээс амьтад мэнд үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Дэлхийд үнэлэгдсэн говийн экосистем дахиж давтагдахгүй, орлуулах боломжгүй. Боомт нээгдвэл энэ экосистем улаан шороогоороо эргэнэ, салхинд хийснэ.
БНХАУ, Монгол Улстай зүүнээс баруун тийш 4 709 км хиллэхдээ 13 боомтоор харьцдаг. Наранэвстэйн зүүн талд Шивээхүрэнгийн боомт, баруун талд Бургастайн боомт бэлэн байгаа. Бэлээхэн ийм боомтууд байсаар байтал 50 жил үйл ажиллагаа явуулсан дархан цаазат газрыг үгүйсгэн,үгүйсгэн заавал ганц боомт нээж яах гээд байгаа юм бэ?
Дэлхий дээр маш хурдан хугацаанд олон зүйлийн амьтад устаж буй учраас Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцийг 1992 онд баталсан.
Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцийг түүнээс өмнө , мөн Уур амьсгалын суурь конвенцийг баталсан. Дэлхий нийт биологийн олон янз байдлыг нэгдмэл байр суурьтайгаар хамгаалах хэрэгтэй учраас конвенц баталж, улс орнууд нэгддэг. 1992 онд Биологийн олон янз байдлын конвенцид нэгдэхдээ Монгол улс дараагийн 30 жилд нийт нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэж амлалт өгсөн.
Нэмсээр байгаад одоо Монгол Улсын 20 хувь нь тусгай хамгаалалтад орсон бөгөөд 120 тусгай хамгаалалттай газар, 1000 байгаль хамгаалагчтай, 36 хамгаалалтын захиргаатай ажиллаж байна.
Хэрэв Нарансэвстэйг ашиглалтад оруулбал монголчууд газар нутгаа хамгаалж чаддаг юм шүү гэсэн үзүүлэлтээсээ ухарна, ухрахаар барахгүй, хамгийн том газар нутагтай дэлхийд 15-д ордог дархан цаазат газраа алдана.