“Эрдэнэт”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг өөрчилжээ.

Давж заалдах шатны шүүхээс Ц.Даваацэрэнг “Ачит-Ихт” ХХК-д давуу байдал олгосон, Хонконг болон АНУ-аар дамжуулан мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдлүүдэд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн гэм буруутайд тооцсон байна.

Түүний эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гурван жилийн хугацаанд гарах эрхийг хязгаарласан байна.

Хорих ялыг нь ийнхүү өөрчилсөнтэй холбоотойгоор Ц.Даваацэрэнг ШШГЕГ-ын Цагдан хорих төвөөс сулласан ажээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn