Мартаж болохгүй хэргүүд: “Нүүрсний хулгай”-г өглөө бүхэн санах ёстой

-Тангуд мөхөөгүй гэдгийг өглөө бүхэн сануулж бай” гэдэг шиг өглөө бүр сануулж байх ёстой гэмт хэргүүд-2

Өнөөдөр бидний эх орон Монгол улсын маань дайсан хэн бэ. Үүнийг харь улс орнууд биш харин та биднээс эх орныг маань хулгайлж байгаа дотоодын дайснууд болох авлигачид гэж ойлгож болно. Тэртээ 13 дугаар зууны эхээр Их Монгол улсыг байгуулсан Их Эзэн Чингис хаан маань” Тангуд улс мөхөөгүйг өглөө бүхэн сануулж бай” хэмээн зарлиглаж, амьдралынхаа сүүлчийн хоромд хүртэл энэхүү Тангудыг мөхөөхийн төлөө тэмцсэн байдаг.

Одоо цагт бол та бид гадаад гэхээсээ илүүтэй дотоод дайснууддаа дарлагдсаар байна. Тиймээс албан тушаалт, цагаан захтнуудын хулгай, дээрэм, авлига улам цэцэглэж, хууль, хяналт шүүх цагдаа ч тэднийг зогсоож хүч хүрэхээ больж, авлигын хэргүүд замхарсаар байгааг өглөө бүр монголчууддаа сануулж байхыг өөрийн ариун үүргээ хэмээн үзэж байна. Хууль хяналтынхныг гар хөлөө болгосон авлигач, хулгай, дээрмийнхэн хэргээ наймаалцаад ялгүй үлдэж, хуссан мөнгөнийхөө 100 хуваасны нэгээр торгуулж байхад, хэдхэн төгрөг хулгайлсан залуу хүү 10 жилээр яллагдан шоронжиж байна.

Санахтун, сэрэгтүн, авлигачид улс орныг минь, та биднийг тартагт нь тултал сорон мөлжсөөр байна.

2000-аад оны сүүл үе хүртэл хэдэн зуун саяар хэмжигдэж байсан байсан авлига 2010-аад оны дунд үеэс тэрбум, тэрбумаар хэмжэгдэх болсон. Гэтэл эдүгээ авлигачид тэрбумыг тоохоо байж хэдэн их наядаар ярих боллоо.

Эхний удаад сүүлийн 10 гаран жилд дуулиан шуугиантайгаар илчлэгдсэн ч эцэс сүүлдээ замхарсан зарим хэргийн тухай дурдаж, зарим нэгийг нь арай дэлгэрүүлэн авч үзье.

Энэ дунд 10 гаран жил яригдсан ч эцэслэгдээгүй хэргүүд цөөнгүй. Тухайлахад, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, түүний хамт Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ХХБ-ны охин компаниуд авсан хэргүүд,”Ачит Ихт”-ийн хэрэг,  мөн Капитал, Чингис хаан банкнуудын дампуурлын хэргүүд, оффшор дансны буюу улстөрчдийн хууль бус нууц хөрөнгөтэй холбоотой хэргүүд гэхчлэн дурдаж болно.

Эрх баригч намын нөлөө бүхий нөхдүүдийн тэрбум, тэрбум орчмоор хувааж авсан ЖДҮ сангийн хэмээх хэрэг байна. Концессын хэмээх том хулгайч нарын мега хулгайн хэрэг байна.

Мөн энэ хугацаанд гарсан ч шалгагдаж дуусаагүй хэргүүд бас бий. Жишээлэхэд алдарт “Ногоон автобусны хэрэг” хэмээгч эдүгээ ч шүүхийн шатан дээр байж л байна.

Хамгийн олон жил яригдсан ч огт шийдэгдэж дуусаагүй хэрэг бол Боловсролын зээлийн сангийн хэрэг байна.

За тэгээд Монголчуудыг хоёр гурван жил шуугиулсан Нүүрсний 40 их наядын хэмээх хэргүүд. Тэр дундаас нүүрстэй холбоотой ч юм шиг, үгүй ч юм шиг асуудлаар 3 жилийн ял авсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хэрэг байна.

Одоо ч зарим талаар дуусаагүй Хөгжлийн банкны хэргүүд байна.

Гэрээс нь 7 тэрбум гаруйг хураасан Төмөр замын С.Батдөлийн хэрэг шийдэгдсэн. Гэхдээ л уг хэргийн цаад нарийн учир огт ил болоогүй өнгөрсөн.

Дараагийн бидний үл мартах хэрэг бол нүүрсний хулгайн хэрэг. Нүүрсний хэрэг бол цар хүрээ, оролцогчдын хувьд ч, хулгайлсан мөнгө, авлигын цар хүрээний хувьд ч  асар том хэрэг.

“Нүүрсний хэрэг” ба том 17 “хулгайч”

Дөрөвхөн жилийн өмнө буюу 2022 оны өдийд нүүрсний хэргийн мэдээлэл өндрөө авч, олон нийт тэр олон мэдээлэлд живж, хэн нь ч үнэн зөв яриад, хэн нь худал яриад байгааг ойлгох ухаан тэр бүр үгүй болсон.

12 дугаар сарын тэр хүйт тачигнасан өдрүүдэд цуглаан жагсаал ч үргэлжилж, хэн тэрх цуглаан жагсаалыг ивээн тэтгэж хийлгэв гээд бас бөөн хэрэг төвөг болж байлаа.

Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын мэдээлэл хийж нүүрсний хулгайчаар зарласан хүмүүс, АТГ-аас зарласан 17 хүнийг л олон нийт нүүрсний хулгайч хэмээн тогтоож авч үлдсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд 2022 оны 12 сарын эхээр 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэж олон нийтэд анх зарласан. 2022 оны 12-р сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүд Т.Доржхандад хандан “40 их наядын хохирлыг хэрхэн гаргаж ирснээ тайлбарлаж, ард түмнээс уучлалт гуй” гэж шүүмжилсэн.

Маргааш нь УИХ-ын гишүүн Т.Доржханд, НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга, эдийн засагч Д.Гантулга нар нүүрсний хулгайтай холбоотой 40 их наяд төгрөгийн задаргааг танилцуулсан байдаг юм.

Энэ үеэрээ Т.Доржханд “Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Өчигдрөөс эхлэн эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ. Уучлал гуй ч гэж байх шиг. Би тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй” гэж Т.Доржханд хариу барьсан.

40 их наяд нь 2023 оны улсын төсвийн орлогыг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө байлаа.

2022 оны 12 дугаар сарын 5-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлдэл хийн “нүүрсний хулгай”-н гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарласан байдаг юм. Тэдний хуулийн хүрээнд ил болгосон нэрс нь “Эрдэнэс тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компаний Х.Нурлат, Б.Отгонжаргал гэсэн хүмүүс байна. Мөн төмөр замтай холбоотойгоор Тавантолгойн төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийн удирдах албан тушаалтнууд, тээвэртэй холбоотой хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын н.Дэлгэржаргал нарыг шалгаж байна” хэмээн мэдэгдсэн.

Ингээд 2022 оны 12-р сарын 5-ны өдрөөс Улсын ерөнхий прокурорын газраас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллагуудад өгсөн байдаг.

“Нүүрсний хэрэг”-ийг шалгаж байсан АТГ-аас 2022 оны 12 дугаар сарын 13-нд  уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэмээн 17 хүний нэрийг зарласан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох хэлэхдээ “Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс: хахууль авсан гэмт хэрэгт долоо, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан шалгаж байна” гэсэн.

Мөн дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар уг хэргүүдэд оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн. Ийнхүү зарласнаар олон нийт дараах 17 хүний нэрийг тогтоож авсан юм. Тэр нь:

  1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  2. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
  3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
  4. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн
  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  7. ЕТГ-ын дарга асан З.Энхболд
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  15. “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  16. “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  17. “Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын нэрс байлаа.

Б.Ганхуягаас бусад нь “нүүрсчин” биш болов

Энэ дөрвөн жилийн өмнөх жагсаалтад байгаа 17 хүнээс Б.Ганхуяг л ял авч түүнийгээ эдлээд өнгөрсөн хавар суллагдсан.

З.Энхболд хоёр жилийн ял авсан ч хоёр гурван сар суугаад өнгөрсөн зун гарсан. Одоо би хэлмэгдсэн гээд л явж байна.

Эдүгээ Х.Баттулга, Ө.Шижир, Н.Наранбаатар, Р.Сэддорж нар УИХ-д сонгогдоод хоёр жил гаруй болж байна. Бусад 11 хүнээс одоогоор олны нүдэн дээр “Сод Монгол”-ын хэмээх Ц.Анандбазар л байна. Тэрбээр эдүгээ Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

А.Адьяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Х.Мандахбаяр нар хөл хориотой мэт ичээндээ байдаг сурагтай.

Уг нь тухайн үед энэхүү нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын Хяналтын Ерөнхий сонсгол хийж байлаа. Гэсэн ч нүүрсний хулгайч хэмээн зарлагдсан дээрх томчуудаас ганц Б.Ганхуяг л ял эдэлсэн. Олон хэргээр олон бага тушаалтнууд ял авсан л байх. Гэвч томчуудаас нь ял авч эдэлсэн хүн алга шахуу.

Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-д мөргөцөг буюу 385 гаруй тонн нүүрсийг авч ашигласан “Тавантолгой”-н хэрэг гэж тов тодорхой хэрэг бий. Гэтэл уг хэрэгт холбогдох зарим хүн нь УИХ-ын гишүүд, зарим нь уснаас хуурай гарч гэртээ ч юмуу хаа нэгтээ бүгсэн. Энэ бүхэн Монголд хууль ёс, шударга байдал, хариуцлага гээч юм үгүй болсны л илэрхийлэл.

Дараагийн удаад нүүрсний хэрэг гээчийг тойрсон улстөржилт, болон зарим хүнийг ялтан болгож, нөгөөг нь ялагч болгосон түүхээс хүргэнэ.

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn