Энэ үеэр АН-ын ОНХБ хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Оюутолгойн ногдол ашиг буюу 3 их наяд төгрөг иргэдэд ямар байдлаар хүрэх нь анхаарал татаж байна. Хуулиараа баялгийн сандаа ороод хуримтлалын сангаараа дамжиж иргэдийн нэрийн дансанд орох ёстой. Хэрхэн яаж зарцуулах вэ гээд Имонголиа дээр санал авч байгаа. Гэтэл өргөн барьсан төсвийн хавсралтуудыг шүүгээд үзвэл OT270 кодтойгоор 2 их наяд төгрөгөө хаашаа яаж зарцуулах вэ гэдгээ ЗГ хэдийнээ тооцчихсон байна. Өөрөөр хэлбэл, 10 аймгийн ДЦС, цэцэрлэг сургууль руу зарцуулна гээд аль хэдийнээ тооцсон байна.
Ингэж иргэдээ хуурсан их хурлаа хуурсан зүйл ярихаа болих хэрэгтэй. 2 их наяд төгрөг бол иргэдэд очих ёстой зүйл. ЗГ-ын данхар бүтцээ цөөл. 30 их наядын төсөвтэй байгаа 20 сайдаа цөөл. Ингэж байж иргэд, ААН, бизнес эрхлэгч нартаа ажиллах амьдрах орон зайг нь өг гэдгийг хэлмээр байна” гэсэн.
Тогтоолын төсөлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн зарчимд нийцүүлэн “Оюу толгой” төслийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээнд ногдох, 2027 оны төсвийн жилд хүлээн авахаар төлөвлөсөн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэнцүү хэмжээгээр нэг удаа мөнгөн дэмжлэг болгон олгох, мөн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг Монгол Улсын иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай” гэжээ.
