Хийх ажилгүй хэмээн даапаалагдсан уйдах завгүй хүн

Манай улстөр намрын чуулган эхлэх үеэр нэлээд улайрч ирээд одоо арай л намдуухан болчих шиг. Улстөрчдийн хамаг л хор, ерөндөг бүхнийг нь нийгэмд цацаж ирсэн сэтгүүлч нэр зүүж, мик барьсан хэсэг хүмүүсийн хэрүүл, тэднийг “илчилж” буй “эр зориг”-ийн гайхамшиг болсон Хариад Уянга тэргүүтэй хэдэн хүний тухай л нийгэм тэр чигээрээ цуурцгаана.

Энэ хооронд ирц нь хүрэхгүй нэг хэсэг үзсэлцсэн УИХ, Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг баталж, эдүгээ 2027 оны улсын төсвийн төслийн тухай хуулийн гуравдахь хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ долоо хоногт эрх баригч намаас УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд болж байсан УИХ-ын гишүүн, гишүүн бус хүмүүс одоохондоо нэгнийгээ шалгуулахаар хуулийн байгууллагад өгч энэ талаараа ярьж олны анхаарлыг татаж байна.

Өнгөрсөн хавар огцорсон Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн хувиар улстөрөөс нэлээд холхон явж, шатарт нэлээд анхаарал хандуулах шиг болсон. Гэтэл түүний өмгөөлөгч гэнэт гарч ирэн АТГ-т Г.Занданшатарын нэр хүндэд байнга халдсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Булгантуяа, П.Сайнзориг, Э.Болормаа нарыг шалгуулахаар хандсан.

Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар хэвлэлд өгсөн тодруулгадаа түүнийг “Г.Занданшатар дарга хийх ажилгүй болчихоод уйдаад, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульдөхөөд уйдсандаа АТГ-т өгсөн байх” хэмээсэн.

Тэгвэл Г.Занданшатар “Би уйдсандаа хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгсөн юм биш. Сүүлийн 6 сарын хугацаанд тэвчээр заалаа” хэмээн мэдэгдлээ. Тэр алигачдаасаа салж, хариуцлага тооцдог болж, шударга ёсны тогтолцоог бодитоор эхлүүлье гэсэн. Мөн намаа, намынхаа боловсон хүчний бодлогыг шинэчилье хэмээсэн. Фракц, бүлэглэлийн улстөрөөс салахын төлөө явна гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхний тулд “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулж, үзэл санаагаа танилцуулсан ба ажлаа эхэлсэн гэнэ.

Өнгөрсөн 2025 оны 9,10 дугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатар, тэр үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр МАН-ын дарга болох гэснээс үүдэлтэй төр, засгаа самарчих дөхсөн.  Тэгээд хоёулаа дарга ч үгүй хоцорч улмаар уван цуван огцорсон. Тэр үед Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар огцруулсан ч Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хууль зөрчсөн хэмээн үзэж уг асуудлыг огцруулсанд тооцоогүй. Эсрэгээрээ УИХ-ын тэрхүү чуулганыг удирдсан Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулж, тагнуул дээр “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл уг асуудал шийдэгдээгүй л байна.

Г.Занданшатарын АТГ-т өгсөн бусад дөрвөн гишүүн ч Х.Булгантуяаг өмөөрч, түүнийг огцруулсан үйл явдлын гол холбоотнууд. Уг нь МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болоогүй байхдаа буюу бүр 2 дугаар сард Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс хасна гэсэн ч одоог хүртэл мөн чимээгүй байгаа.

Тиймээс ч Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахад эдгээр нэр бүхий хүмүүс оройлон оролцсон нь ойлгомжтой юм.

Ийнхүү Г.Занданшатар тэднийг АТГ-т газарт дахин өгч шалгуулах хүсэлт гаргасантай холбоотой асуудлыг улстөржүүлэхээс аргагүй ч, манайд хариуцлага хүлээдэг шударга тогтолцоо огт үгүй болсон нь улам бүр харагдана.

Үүнтэй сацуу Х.Булгантуяа улстөрөөс бүрмөсөн гарна хэмээж байгаа сурагтай. Тэр дахиж УИХ-д нэр дэвшихгүй, төр болоод намын ямар ч ажил цаашид хийхгүй гэсэн гэх. Мөн МАН-ын гишүүнчлэлээс ч өөрийнхөө хүсэлтээр гарах аж.

Ингэж Г.Занданшатарыг хийх ажилгүй учраас АТГ-т ханддаг хэмээн баалсан Х.Булгантуяа өөрөө төр, нам зэрэг улстөрийн салбарт лав хийх ажилгүй болох бололтой.

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn