НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-ын Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган энэ сарын 19-29-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы онцлох асуудлын нэг нь Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх эсэх асуудал аж.
Тус чуулганы хүрээнд дэлхийн улс орнуудаас нэр дэвшүүлсэн 30 шинэ өвийг бүртгэх эсэхийг хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь бүртгэгдсэн 147 Дэлхийн өвийн хамгаалалт, хадгалалтын өнөөгийн нөхцөл байдалд мөн үнэлгээ хийж байгаа юм.
Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны цогцолбор” Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдвэл манай улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын өвийн тоо нэгээр нэмэгдэж, Монголын түүх, соёлын өвийг олон улсын түвшинд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.
Хүннүгийн дурсгалт цогцолбор нь МЭӨ III зуунаас МЭ I зууны хооронд Евразийн өргөн уудам тал нутгийг захирч байсан Хүннү гүрний язгууртан, дээдсийн булш, тахилгын байгууламж болон археологийн иж бүрэн дурсгалуудыг хамардаг.
Монгол орны төв болон хойд бүс, сүүлд баруун бүсэд ч археологичид үлрүүлж малтлага хийж буй эдгээр булш нь том чулуун далантай дөрвөлжин хэлбэрийн байгууламж, урт үүдэвч, дагалдах тахилгын байгууламжаараа онцлогтой.
Археологийн судалгаагаар алт, мөнгөн эдлэл, хүрэл болон төмөр зэвсэг, торго, ваар сав, адууны тоног хэрэгсэл зэрэг олон улсын худалдаа, соёлын харилцааг илтгэх ховор олдворууд илэрсэн байдаг юм.
Судлаачдын үзэж буйгаар уг дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны томоохон эзэнт гүрний төрийн зохион байгуулалт, язгууртны оршуулгын зан үйл, тухайн үеийн соёл иргэншлийн хөгжлийг тодорхой харуулсан үнэт өвд тооцогддог.
