
Түүхэнд “Монгол” хэмээх үг хэдийд гарсан тухай эрдэмтдийн санал бодлыг нэгтгэсэн энэхүү өгүүллийг МУИС-ийн багш, түүхч Б.Батсүрэн бичжээ. Монгол угсаатны нэрийн талаарх цогц ойлголт эндээс л бий болох боломжтой мэт.
Энэхүү шинжлэх ухааны хялбаршуулсан бэсрэг өгүүлэлдээ монголчуудын угсаа гарвалийн судалгааны нэг бүрэлдэхүүн болж ирсэн Монгол хэмээх угсаатны нэрийн талаарх эрдэмтдийн саналаас товчоолж толилуулах юм. Гол санаа, бичвэрийг 2012 онд нийтэлсэн болно.
1634 оны үед зохиогдсон Лу. «Алтан товч»-д «Монголын нууц товчоон»-ы ихэнх бүлэг зүйлийг хуулж бичсэн гэж эрдэмтэд үздэг. Нууц товчоо нь монголчуудын угсаа гарвалийг тодруулах тун чухал сурвалж болохыг ганц нэг жишээ татаж харуулъя. “Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино ажгуу, гэргий нь Гоо Марал ажээ, Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунаа нутаглаж [байхад] төрсөн Бата чигин ажгуу” хэмээн «Монголын нууц товчоон» эхэлдэг. Таван зуугаад жилийн дараа 1765 онд бичсэн Мэргэн гэгээний «Алтан товч»-д Бөртэ чоныг Монголын Бэдийн газар, Бурхан Халдун ууланд ирэхэд Татар овогтны ноёны бэлэвсэн хатан Хоо овгийн Марал хатан тэнгэрийн ивээлт хааны үр хэмээн гэрлэж, улсын эзэн болгосон тухай өгүүлдэг. Мөн Бөртэ чоныг 29 настай байхад улаан барс жил (786 он) Бата чигин/ханхүү төрсөн гэж бичсэн байдаг. Чингис хааны дээд өвөг Бөртэ чино-ийн тухай өгүүлэх Монголын эртний түүхийн хоёр чухал дурсгалын бие биеэ нөхсөн мэдээ бол Хиад, Нирун, Боржигин, Хатагин, Салжиуд, Тайчиуд гэх мэт хүчирхэг овгуудын язгууртнууд тэргүүлж ирсэн хамаг монголчуудын угсаа гарвалийн судалгаанд хэрэгтэй чухал баримт юм.
Мэргэн гэгээний «Алтан товч»-ийн мэдээг нэрт эрдэмтэн Х.Пэрлээ бээр Монголын хуучин заншлаар эцгийн төдөн насан дээр, тийм жилд төрсөн хүү нь тэр гэж тодорхойлж бичдэг уламжлалын дагуу зохиогдсон гэж тайлбарласан. Тэрээр уг судар бичгийн мэдээг үндэслэн Бөртэ чино-г 758 онд төрсөн болохыг анх тогтоож, урьд өмнө он цаг нь мэдэгддэггүй түүхэн үйл явдлын хугацааг одоо тодорхой бичиж чадах боллоо гэж цохон тэмдэглэсэн билээ. Ийнхүү 1765 оны Мэргэн гэгээний «Алтан товч», 1634 оны Лу. «Алтан товч», 1228/41 оны «Монголын нууц товчоон»-ы ганц нэг мэдээг харьцуулан үзэхэд л монголчууд нь хаслаа, хаслаа гэхэд VIII зууны үеэс түүх сударт тэмдэглэгдсэн эртний сурвалжит язгууртай угсаатан болох нь тодорхой харагдаж байна. Харин 1775 онд бичиж дуусгасан «Болор эрих»-ээр бол монголчууд бүр Бөртэ чиноос ч өмнө оршиж байсныг мэдэж болно.
Монгол хэл, монгол бичгээр зохиосон, өнөөдрийн бидний үед хүртэл хадгалагдан үлдэж чадсан дээрх мэт судар бичгүүдээс гадна монголчуудын угсаа гарвалийн тухай өгүүлсэн харь хэлээр үлдсэн судар ном нэлээд хэд бий. Үүний нэгд, перс хэлээр хадгалагдаж үлдсэн болохоос биш анхлан монголчууд, перс, хятад, энэтхэг зэрэг орны эрдэмтдийн хамт оролцож зохиосон «Жами ат таварих» (Судрын чуулган) гэсэн том бүтээл орно. Тус судрын зохиогчийн нэг Рашид-ад-дин Фазлуллах Хамадани (1247-1318 он) нь эртний монголын түүх, бичиг их ашиглаж бичсэн болохоо Судрын чуулганы эхлэл хэсэгтээ тодорхой зааж өгсөн байдаг. Түүнд, “монголчуудын үнэн түүхийг үеийн үед уламжлан монгол хэл дээр, монгол бичгээр бичсэн, гэхдээ цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь сан хөмрөгтөө хадгалсаар ирсэн монголын гарлын тухай он дарааллын бичиг, удмын судар” зэрэг Монголын хаад, тэдний итгэмжит цэргийн ноёд ихэд нандигнан хадгалж тэр бүр гадны хүмүүс, өөр бусад хүмүүст харуулдаггүй байсныг тэмдэглэжээ. Рашид-ад-дины хэлсэнчлэн «Судрын чуулган»-ыг их нарийн мэдээлэлтэй, хадгалалт хамгаалалт өндөр, эртний судар бичиг ашиглаж бичсэн учир монголчуудын угсаа гарвалийн түүхийг ихэд магадтай хүүрнэсэн, түүхийн чухал сурвалж зохиолд тооцсоор иржээ. «Судрын чуулган»-д хамаг монголчуудаас гадна татар, хэрэйд, найман, мэргид, баргуд, онгуд зэрэг язгуурын монгол хэлтэн олон аймгийн угсаа гарвалийн түүхэнд холбоотой мэдээ сэлтийг олдцын хэрээр товч, дэлгэрэнгүй тусган харуулсан нь түүнийг өнөөдөр ч үнэ цэнтэй ховор дурсгалын зэрэгт байлгасаар байдаг.
Чингис хааны үеэс хойш XVIII-XIX зуун хүртэлх үеийн Монголын бичгийн мэргэд монголчуудын уг гарвал, өвөг дээдсийн түүхийг судар номдоо бичиж ирсэн түүхийг товч өгүүлэхэд ийм байна.
XIII–XIV зууны монголчууд өөрсдийн угсаатны нэрийн язгуур хэлбэр, утгыг тайлахыг оролдож, түүх сударт бичиж үлдээжээ. Рашид ад-дин болон дөрвөн (нирун монголын дөрвөн вог буюу, ойрадын дөрвөд биш ажээ) овгийн чинсан Болд (Пулад) нарын удирдлагаар бичсэн «Судрын чуулганд»: “Монгол гэсэн үг эхэндээ «мунгол» хэмээгдэж байв, өөрөөр хэлбэл, «хүчгүй», «гэнэн» хэмээх үг болой” гэх буюу “Монгол гэсэн үг анхандаа «монг ол» гэж байв, «гээгдэгсэд/орхигдогсод», «гэнэн/мулгуу» хэмээх үг болой” хэмээн бичсэн байдаг. Монгол нэрийн тухай персээр өгүүлсэн энэ хэсгийг Г.Сүхбаатар “Монгол гэдэг үг анхан «мунгол» гэж дуудагддаг байсан (персээр – «форумандэ садэ дэл» гэнэ.). «Форумандэ» гэдэг перс үгийн гол утга нь – “дорой арчаагүй, хүчгүй чадалгүй” гэж байна, «садэ дэл» гэдгийн гол утга нь – “хонгор хүн, гэнэн хүн, донгио хүн, дүйнгэ хүн, молхи амьтан, бойдон хүн” гэж байна” хэмээн хөрвүүлсэн юм.
Хожим XVII зууны үед «Монгол» хэмээх нэрийг монголын бичгийн мэргэд дахин тайлбарлах оролдлого хийсэн. Ордосын хунтайж Саган Сэцэн 1662–1663 онд бичиж дуусгасан «Эрдэнийн товчдоо»: 1189 онд Онон мөрний тэргүүнээ улсын хан болсон Тэмүжин Чингис хаан:
“Мунданин явж, намайг зовон зүхэж зонхилон хураахуй
Мунлаж зоволдон жаргалдан хүчээ үлэмж өгсөн
Молор эрдэнэ мэт энэхүү Бэтэ улс минь
Мүнээ үзтэл зовбоос бээр ерөнхийгийн гол болсноо
Хөдлөхийн дээд Хөх Монгол хэмээгдэхүй хэмээн зарлиг болсноос хойш Хөх улс Монгол хэмээв” гэж тэмдэглэжээ. Саган Сэцэн «Монгол» хэмээх нэрийг мунгинаж зовсон, бас улсын гол суурь болсон гэдэг утгаар тайлбарлажээ.
XVII–XIX зууны Ломийн «Монголын боржигид овгийн түүх» (1732 он), Дарма гүүшийн «Алтан хүрдэн мянган хигээст бичиг» (1739 он), Рашпунцагийн «Болор эрхи» (1774–1775 он), Жамбадоржийн «Болор толь» (1835–1838 он), Галдан туслагчийн «Эрдэнийн эрхи» (1841 он) зэрэг Монголын гол сурвалж бичгүүд түүний энэ тайлбарыг дагажээ.
Шинжлэх ухааны үүднээс «Монгол» хэмээх угсаатны нэрийг тайлбарлахыг оролдсоноос хойш зуун жараад жил өнгөрчээ. Гэхдээ өнөөг хүртэл энэ нэрийн утгын талаарх нэгдсэн ойлголт судлаачдын дунд байхгүй байсаар байгаа. Монгол нэрийг шинжлэх ухааны үүднээс судлан шинжлэхийг оролдсон анхдагч бол Хаант Оросын эрдэмтэн Дорж Банзаров юм. Тэрээр Монгол гэдэг үгийг «мон–гол» хэмээн салгана гээд улмаар Мон гол гэсэн нь голын нэр юм, одоогийн Өвөр Монголын нутаг Хөх хотын баруун өмнө хавьд байдаг Муна уулын дэргэдүүр урсаж байсан нэгэн голыг ингэж нэрлэж байсан байх гэж 1848 онд бичсэн «Монгол нэрийн үүслийн тухайд» өгүүлэлдээ таамаглажээ.
Монгол нэрийг газар зүйн нэр томьёоноос улбаатай хэмээх Д.Банзаровын саналыг Намжилцэвээн, Ч.Хасдорж нар 1959, 1960 онд бичсэн «Монгол гэдэг нэрийн тухай» хэмээх өгүүлэлдээ хэрэглэсэн ба харин «Монгол»–той холбоотой газрыг Онон мөрний эхээр хайх хэрэгтэй гэжээ.
Х.Пэрлээ, «монг» гэсэн үгийг гол усны нэр гэж үзэхийн оронд харин «мунг»–аа үзсэн (мунгинаж зовсон) гэдэг үгтэй холбож үзсэн саналыг сайтар анхааран үзэх нь их чухал (өөрөөр хэлбэл, Саган Сэцэний саналыг хөгжүүлсэн гэсэн үг) гээд «монгол» нэрт аймаг зовон зүдэж явсны онцгой дурсгал улбаа болгож хожмын монголчууд өөрсдийгөө тийнхүү «мунг»–аа үзсэн (мунгинасан, монгиносон) улс гэж XIII, XVII зууны үед байн байн дурсан бичсэн гэж үзжээ.
Монгол хэмээх нэрийн тухай Г.Сүхбаатар хэлэхдээ энэ нэр анх III–IV зууны үед түүхэнд «Мугулюй» хэмээх хүний нэр байдлаар дурдагдсан бөгөөд энэхүү «Мугулюй» гэдэг нь монгол хэлний мухар гэсэн үг бөгөөд хожим хааны ургийн нэр улмаар овог, аймаг, үндэстний нэр болсон гэжээ.
Одоо гадаадын эрдэмтдийн баримтлах дуртай нэгэн саналыг товч дурдъя. Гадаадын ихэнх эрдэмтэн нар Монгол гэсэн нэр анх Тангийн үед Мэнгү гэж тэмдэглэгдсэн гэж үздэг. Гэтэл, энэ Мэнгү нэр зүүгчид нь өвөл, зунгүй ойд амьдарч, урц эсвэл газар гэрт өвөлждөг, загас, голын хавч, гахай зэргийг хоол хүнсэндээ их хэрэглэдэг, хамгийн гол нь хүн бүл тун цөөхөн мянгаад эрчүүд эсвэл өрхтэй ойн иргэд байсныг тэдгээр эрдэмтэн нар үл тоосоор өдий хүрчээ. Тиймээс энэ үзэл баримтлалыг сайтар шинжиж үзэж гэмээн сая учир начрыг ухах болов уу хэмээн бодож доор «Мэнгү» гэх нэрийн тухай бага зэрэг дэлгэрүүлсэн болой.
Гадны эрдэмтэд гэлгүй манай монголын зарим нэртэй түүхч, эртний судлаач нар бас Мэнгү шивэй , Да шивэй, Улохоу нарыг хожмын Хамаг Монгол, Татар, Олхунуд нартай угсаа гарвалийн холбоотой, тэдний удам гэж үздэг. Гэхдээ тэдний баримталдаг саналыг К.Ширатори, П.Пельо, Ван Говэй, Ту Жи, Л.Л.Викторова гэсэн гадаадын эрдэмтэд анх дэвшүүлсэн юм. Тухайлбал, японы эрдэмтэн Ширатори Куракичи нь Шивэй аймаг нь дан монгол эсвэл тунгус биш харин холимог угсаатан, гэхдээ Мэнгү шивэй нь Хянганы нуруу, Нун мөрнөөр суудаг Шивэй нараас угсаа гарвал өөр буюу монголчууд юм гэсэн билээ. Харин франц эрдэмтэн Пол Пельо, Шивэй аймагт бараг монгол хэлтэн мөн гэж тооцож болох Мэнгү/Мэнва аймаг багтаж байсныг Тангийн үеэс эхлэн сурвалж бичгүүд тэмдэглэсэн. Монгол нэр анх удаа үзэгдэж байгаа хэрэг гэж 1920 онд бичжээ. Энэ саналаа 1929 оны өгүүлэлдээ гүнзгийрүүлж Тан улсын хоёр сударт анх монголчууд Мэнгү шивэй нэрээр түүхэнд гарч эхэлснийг бид мэднэ, тэд Шивэйн нэг салбар бөгөөд Монгол, Манжуурын хязгаарт Хөлүнбуйр, Эргүнэ мөрний эхээр нутаглаж байсан гээд Цзю Тан шу-гийн Мэнгү гэсэн үгийн язгуур дуудлага нь *Mung-nguət юм, *Moṅγol гэсэн үгийн галиг мөн гэжээ.
Мэнгү шивэйгээс монголчууд үүссэн, Мэнгү бол Монгол гэсэн нэрийн анхны тэмдэглэгээ гэсэн энэ саналыг орчин цагт хятадын эрдэмтэд их дэмждэг ба манай эрдэмтэн нарын олонх бас энэ саналаас татгалзаж чадахгүй, гадныхны нөлөөлөлд автсаар байгаа нь харамсалтай.
Одоо цааш, Монгол хэмээх нэрийг хэрхэн тайлбарлаж ирсэн түүхээс үргэлжлүүлэн сонирхъё.
XIII зууны эхэн хагаст Их Монгол улсын харьяат газар нутагт ирж байсан Өмнөд Сүн улсын түшмэлийн туурвисан «Монгол татарын бүрэн тэмдэглэл»–д: Монгус, Манхол гэж харин «Хар татарын хэргийн товч»–д: “Хар татарын улс Их Монгол хэмээсэн цолтой билээ. Говийн элснээ Монгол гэдэг уул буй, татар хэлэнд «мөнгө» гэсэн утгатай бөгөөд зүрчид нар өөрийн улсаа Их Алтан улс хэмээн нэрийдсэн учирт Татарууд улсаа Мөнгө хэмээн нэрийдэв” гэж бичсэн байдаг.
Хятад сурвалжийн энэ мэдээнд тулгуурлан Ж.Баясах «Монгол» нэрийг “Мөнгө” буюу “Мөнгөн уул” гэсэн үгээс гаралтай гээд энэ уул нь одоогийн Иньшань уул болно гэжээ.
Германы эрдэмтэн Паул Рачневский, Мангхол (Монгхол) гэдэг үгийн гарал үүсэл тодорхойгүй гээд «мөнг, монггоо, мунхаг, мэкэс» зэрэг хувилбарууд нь авиазүй, утгын талаар алдаатай саналууд тул хүлээн зөвшөөрөх аргагүй гэж бичжээ. Тэрээр мөн “Монгол” нь голын нэрийг тусгадаг гэсэн Д.Банзаровын таамаглал нэгд, “Мон” гэдэг гол мэдэгдээгүй тул бэрхшээлтэй, хоёрт, Мона уултай холбосон таамаглал ч авиазүй болон газар зүйн хүчин зүйлийн улмаас няцаагдана гэж үзсэн. Харин П.Рачневский өөрөө «Монгол» нэрийг “Манг хавцалын” гэсэн үгийн олон тооны хувилбар байх гэж таамаглажээ.
Жужан/Нируны хаант улсын гол ноёлох аймгийн нэг байсан «Монгол» гэдэг аймаг Түрэгийн захиргаанаас зайлан зүүн тийш нүүж Шивэй нарын нутагт очиж сууснаар «Мэн–ү шивэй» (монгол) нэрээр хятадын сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн гэж П.Дэлгэржаргал үзсэн боловч Г.Сүхбаатарын Мугулюй гэсэн үгнээс Монгол нэр үүссэн гэх саналыг дэмжсэн байдаг.
Нүүдэлчид газар, усны нэрээс үүдэлтэй хоч, нэр зүүдэг нь түгээмэл, зүй зохист үзэгдэл мөн болохыг сануулсан Л.Билэгт, “ийм зарчмаас Эргүнэ куны монголчуудыг хасах үндэслэл алга” гээд монгол нэрийн үүссэн нөхцөл, ямар үг болохыг тодорхойлох эрэл, хайгуулын тухайн чиглэлд боломж бий эсэхийг судлан тодруулжээ. Тэрээр, хөрш аймагтаа ялагдаж зугтаасан бүлэг иргэний “үр хойчсын ярьж дурссан зүйл, түүхийн ой санамжаар бол анхнаасаа Эргүнэ кунаас нэг л аймаг нүүж гарсан тул тэдний нэр энэ газартай холбоотой,” тус нутгийг Эргүнэ гэж байсныг «Монголын нууц товчоон» ба «Судрын чуулган»-аас мэдэж болно, эл нутагт Эргүнэ мөрөн, Эргүнэ кун байдаг гэж үзсэн.
«Монгол» нэрийг “мон+гол” гэж салгадаг, “мон” язгуур нь газар, усны нэрээс үүсэлтэй гэсэн судлаачдыг дэмжсэн Л.Билэгт “хэрэв зарчмын шинжтэй энэхүү томьёоллыг хүлээн зөвшөөрвөл Монгол нэр аль ч хэлбэрээрээ ус, голын нэртэй холбогдоно, … тухайн угсаатны нэр газар эсвэл гол усны нэрээс үүсэлтэй гэж шинжилсэн бидний үндэслэлийг баримталбал Эргүнэ кун гэж нэрлэгдсэн Аргунь хавийн бүс нутаг нь оньсогыг тайлах түлхүүр болох нь маргашгүй зүйл” гэж бичжээ. Улмаар, Монгол нэрийг бүрдүүлэгч “эхний хэсэг нь Амур мөрний оноосон нэр гэхээс илүүтэй, гол мөрөн гэсэн утгатай, Мохэ-Шивэйн нарын “мангу-монгу” гэсэн үгтэй шууд холбоотой, эргүнэ-куны овгуудын Монгол нэрийн эхний бүрдүүлэгч нь, Амур мөрний усан судалд хамаарах аль нэг голын оноосон нэртэй бус, харин тунгусын «хүчтэй, хүнд» хэмээх «манг, монг»-той холбоотой” гэж дүгнэсэн байна. “Гэхдээ, монголчуудын аман түүхийн өгүүллүүд “мангу”, “монгу”-ийн утга, эргүнэ-куны аймгийг үндэслэгч болон түүний гол салаа болох – Киян ба кият-тай шууд холбогдохыг зөвшөөрдөг, тэгэхлээр бидний өмнө “киян” гэх монгол үгийн, тунгус-манж хуулбар үг харагдаж байна. Сурвалжийн мэдээг харьцуулсан судалгаа нь эргүнэ-куны аймгийн монгол нэрийн үүсэлд: дотоодын, “кият” гэх өөрсдийнх нь оноосон нэр болон оршин сууж байсан нутаг усны онцлогоос улбаалсан гадаад гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлснийг харуулж байна. Энэ хоёр хүчин зүйл нь тунгус-манж үндэстэй “мангу” эсвэл “мэнгү” хэмээх угсаатны нэршил үүсэхэд хүргэсэн ба монгол хэлний үгийн санд ийм үг байдаггүй” хэмээн өгүүлжээ.
Түүнийг саналыг товчилж хэлбэл, киян/кият гэх монгол үгтэй утга ижил, мангу/монгу гэх тунгус үгээр, Эргүнэ кунд шилжин ирэгсдийг хөршүүд нь нэрлэсэн явдлаас Монгол хэмээх угсаатны нэр үүссэн байх нь.
Л.Билэгтийн энэ санал өвөрмөц хэдий ч “барагцаалбал одоогоос хоёр мянгаад жилийн тэртээ Монгол хэмээн нэрлэгдэж байсан тэр аймагт, бусад түрэг аймагтай хэрэлдэж тэмцэлдсэн хэрэг тохиолдсон нь дайн тулаанаар төгсжээ, амьд үлдсэн хоёр өрх айл эргэн тойрондоо зөвхөн уул, ой модтой нутаг руу зугтсан, энэ нутгийг Эргүнэ–кун гэдэг” гэх манай монголын гол сурвалжийн нэгний мэдээтэй тун сүрхий зөрчилдөж байгаа юм.
Монгол нэрийн үүсэл, анх хэдийд түүхэнд тэмдэглэгдсэн талаарх судлаачдаас баримталж ирсэн үзэл баримтлалаас дурдсан тоймоос үзвэл асуудал шийдвэрлэгдээгүй, нээлттэй хэвээр байгаа нь харагдаж байна. Гэвч, НЭГД, газар усны нэрээс гаралтай (Мон гол, Мон уул, Мөнгөн уул, Манг хавцал гэх мэт), ХОЁРТ, хөрш аймаг улсаас өгсөн нэр (Мангу, Мэнгү), ГУРАВТ, Жужан/Нируны хаант улсыг үндэслэгч Мугулюй гэдэг язгууртан ноёны удмын хүүгийн нэрээс үүсэлтэй хэмээх гурван санал судлаачдын дунд давамгайлж байгааг уншигчид анзаарсан байх гэж найдаж байна.
Монгол ба Мугулюй нэрийн холбоос. Сүүл үеийн судалгаанд Мугулюй гэсэн үгээс Монгол нэр үүссэн гэх санал аажим боловч, барьцаа ахиулах лугаа адилаар дэмжигчдийн тоогоо нэмсээр байгаа билээ. Иймээс энэ саналыг тусгайлан авч үзсэн юм. Гэхдээ дотроо хоёр том чиглэлд хуваагддаг.
А. Мугулюй – мухар/мухоло: А.Будберг “Мугулюй” бол монгол хэлний “мохотур” хэмээх үгээс үүсвэртэй мулгуу, мухар (эвэргүй) гэсэн утгатай үг болохыг заажээ. Ширатори “Мугулюй” нэрийг Буриадын Балаганы “тойрог”, “дугуй” хэмээх “мӧхӧрӧн”, Түнхэний буриадын “эргэлдэх” гэсэн утгатай “мӱхӱрiхӱ” болон монгол хэлний бусад “mukholik, mokholtsok, mügür, mügher, mügülik, mügürik” зэрэг үгтэй холбосон.
Энэ мэтчилэн К.Ширатори, Г.Учида, А.Коллауц, Х.Миякава, Н.Ишжамц, Ц.Хандсүрэн нарын эрдэмтэн хятад орчуулга, дуудлагыг баримтлан Мугулюй бол «мухар» гэсэн үг хэмээн санал нэгтэй үздэг.
Мугулюй гэх хятад галиг-нэрийн дундад эртний дуудлага нь *мухоло ~*мохоло (мухар, халзан) гэдэгт итгэж байна, түрэг үг лав биш, бас эхлээд харахад монгол үг биш юм шиг санагдах боловч монгол хэлний “мухар” гэсэн утгатай эртний табгач аялгуугаар тэмдэглэсэн үг гэж А.Вовин дурдсан. Үндсэндээ монгол хэлний үг гэдгийг А.Вовин баталсан гэж болно.
Гэвч эртний хятадын түүхч түшмэд Мугулюй гэдэг үг мухар гэсэн үгтэй дуудлагын хувьд ойролцоо үг байж болохоор нь гуйвуулан хэрэглэсэн байж болох юм. Түүх ч гэсэн ийм жишээ олныг мэдэх бөлгөө.
Б. Мугулюй – монгол. 1923 онд нийтлүүлсэн «Жужаны газрын нэр болон хаан цолын тухай» хэмээх өгүүлэлдээ жуаньжуань нар хэл, угсаатны хувьд цэвэр монголчууд юм, тиймээс Мугулюй нь Тангийн үеийн Мэнгү, Мэнва, хожуу цагийн Монголтой холбоотой гэж Т.Фузида бичжээ.
Комаи Есиаки «Монголын түүхийн удиртгал» зохиолдоо Мугулюй нь анх алдар хүндтэй хүний нэр байсан, сүүлд Монгол гэсэн хэлбэрээр аймгийн нэр болж хувирсан бололтой, хэрэв тийм байх аваас Монгол нэр Тан улсаас урьд үүссэн гэж дүгнэжээ. Энэ хоёр эрдэмтэн Мугулюй хувирсаар Монгол болсон гэж үзсэн юм.
Мугулюй ба Монгол нэрийг нэг гэсэн япон судлаачдын XX зууны эхэн хагасын судалгааны үр дүнг цаашид гүнзгийрүүлж нэмж хэдэн үндэслэл гаргасан Г.Сүхбаатар, нэгд, Мугулюйн эртний дуудлагад үндэслэн сэргээсэн Мухар (мукуэр/мухур) гэх үгийг улс төрийн утга агуулгын үүднээс, хоёрт, Мугулюй гэсэн үгийн III/VI зууны хятад сурвалжийн утга, XIII-XIV зууны Монгол-Персийн түүх бичлэг дэх Монгол гэсэн үгийн утгатай тохирч байгааг анзаарч тайлбарлажээ. Авиа, үг зүйн чиглэлийн тайлбар ашиглаж, тухайн нэрийн түүхэн-утга зүйг илүү харгалзсан Г.Сүхбаатарын тайлбар нь хэрэглэсэн эш, үндэслэл, баримт сайтай тайлбар болжээ.
Чухам Монгол гэх үгийн анхны хэлбэр болох жужан/нирун хэлний « … » үгийг табгач аялгуугаар тэмдэглэснийг хятад утга үсгээр галигласан нь Мугулюй бөлгөө гэж үзэж болохоор саналыг эрдэмтэд дэвшүүлжээ.
Б.Батсүрэн (МУИС-ийн багш)