Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болжээ

Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жил, Орхон аймгийн баяр наадамд зориулсан цэргийн ёслолын жагсаал болжээ.

Уг жагсаалд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр оролцож үг хэлжээ.

Тэрээр,

“Өнөөдөр бид Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнолын дархлаа болсон Зэвсэгт хүчнийхээ түүхэн гавьяаг хүндэтгэн дурсаж, төрт ёсны эрхэм бэлгэ тэмдэг Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, хөгжиж дэвшсэн Эрдэнэт хот, Орхон аймгийнхаа түүхэн 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Төрийн далбаа салхинд намирна гэдэг бол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал бат оршиж буйн тод илэрхийлэл юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин 105 жилийн турш эх орныхоо тусгаар тогтнолыг нэр төртэй хамгаалж, энхийг эрхэмлэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэн, дэлхийн олон оронд энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, монгол цэргийн дайчин уламжлал, нэр хүндийг олон улсад өндөрт өргөсөөр ирсэн бахархалт түүхтэй.

Мөн Монголын зэвсэгт хүчин энх цагийн бүтээн байгуулалтад оролцож явсны тодоос тод илэрхийлэл бол эрин зуун бахархалт Эрдэнэт хот билээ.

Хагас зуун жилийн өмнө Эрдэнэтийн бүтээн босголтод Монгол, Оросын 6000 орчим барилгачин-дайчид оролцож, Эрдэнэтийг босгосон түүхтэй.

Тэдгээр барилгачин-дайчдын эрмүүн алхааны эрчим, эрэлхэг дайчин зориг, хөдөлмөрөөр  богино хугацаанд бүтээн байгуулалт өрнөж, Эрдэнэт хот маань өнөөдөр Монгол Улсын аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, инновацын тэргүүлэгч төв болон цэцэглэн хөгжсөн юм.

Цэргийн хүрээний жагсаал хийж байгаа нь зөвхөн сүр хүчээ харуулж буй хэрэг биш юмаа.  Харин Монгол төрийн дархлаа, сахилга бат, эв нэгдэл, эх оронч үзлийг тодоор  илэрхийлж буй жагсаал, ирээдүй хойч үедээ эх орноо хайрлах, төрт ёсоо эрхэмлэх, үндэсний бахархлаа өвлүүлэн үлдээх гүн утга учиртай ёслол билээ.

Орхон аймаг цаашид батлан хамгаалах тогтолцоог улам бүр бэхжүүлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, эх оронч хүмүүжил, үндэсний аюулгүй байдлыг дэмжих бодлогоо тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.

Эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, амар тайван байдлын манаанд бат зогсож буй нийт генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, ахмад дайчид, тэдний ар гэр, арын албаныханд Орхон аймгийн нийт иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндрийн дээд амжилтыг хүсэн ерөөе” хэмээн хэлжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn