Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн аймгуудын баяр наадам өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Одоогийн байдлаар 14 аймгийн баяр наадам амжилттай зохион байгуулагдаж, түрүүлж үзүүрлэсэн бөхөө тодруулаад байгаа. Энэ жилийн хувьд 11 аймгийн наадамд түрүүлсэн бөхчүүд цолоо ахиулж, аймгийн арслан болсон. Мөн найман бөх үзүүрлэж, аймгийн заан цолны болзол хангасан ажээ.
Архангай аймгийн баяр наадамд аймгийн заан О.Доржсамбуу түрүүлж, аймгийн арслан Б.Батсайхан үзүүрлэжээ.
Баянхонгорт аймгийн начин Э.Бямбадорж түрүүлж, аймгийн заан Ч.Даш үзүүрлэсэн бол Булганд мөн аймгийн начин С.Жавхлан түрүүлж, аймгийн заан Д.Пүрэвдорж үзүүрлэжээ.
Говь-Алтайд аймгийн арслан Д.Эрдэнтулг түрүүлж, аймгийн начин М.Өгөөдэй үзүүрлэсэн. Говьсүмбэрт сумын заан Б.Батжаргал түрүүлж, аймгийн начин Ц.Чагнаадорж үзүүрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн наадамд барилдсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, 16 настай залуу бөх Расол Омар үзүүрлэж, аймгийн заан цолын болзол хангажээ.
Доноговь аймагт аймгийн арслан Б.Бадрал түрүүлж сумын заан Б.Лхагварагчаа үзүүрлэлээ. Дорнод аймагт аймгийн заан О.Төгсжаргал түрүүлсэн бол аймгийн арслан Т.Төрмөнх үзүүрлэсэн юм.
Өвөрхангайн наадамд аймгийн заан О.Үйтүмэн түрүүлж, үзүүрт сумын заан Д.Мөнхтогтох хүрчээ.
Өмнөговь аймагт цэргийн зан Б.Гончигсүрэн түрүүлэн, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн үзүүрлэсэн.
Сэлэнгэд аймгийн заан С.Оргилбаатар түрүүлсэн бол сумын заан Д.Нарантулга үзүүрлэлээ. Төв аймагт аймгийн заан М.Тэгшбаяр түрүүлэн, сумын заан М.Өсөхбаях үзүүрлэжээ.
Хөвсгөлд аймгийн арслан М.Цэрэн, үзүүрт сумын заан Б.Эрдэнэбат үзүүрлэсэн.
Хан Хэнтий уулын аймаг үүсэн байгуулагдсан ы түүхт 103 жилийн ойн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд аймгийн начин Н.Уугангэрэл түрүүлжээ. Мөрөн сумын харьяат, аймгийн начин Н.Уугангэрэл нь долоо даван түрүүлэхдээ Аймгийн арслан цол хүртсэн бол, Галшар сумын харьяат, Цэргийн арслан Д.Цэрэнням үзүүрлэлээ
Харин Увс аймагт сумын заан Ц.Бямбацогт түрүүлсэн бол аймгийн заан Т.Төгсжаргал үзүүрлэжээ.
