Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын 10 хувиас хэтрүүлэхгүй байх тушаал гаргалаа

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгалаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn