Х.Нямбаатар НИТХ-ын даргаас А.Баярыг огцруулж хүчээ харуулав

Өчигдөр НИТХ-д бөөн бужигнаан болж, А.Баяр хэмээх даргаа огцруулж Д.Ихбаярыг даргаараа сонголоо. НИТХ-д МАН 34 суудалтай бол АН 8, ХҮН 3 суудалтай.

Хурал дахь АН-ын бүлэг өчигдөр өглөө зарлагдаад байсан НИТХ-ыг хойшлуулах хүсэлтийг гаргаж, А.Баяр дарга нь ч уухайн тас хүлээн авч хурлыг хойшлуулсан. Уг хурлаар “Туулын хурдны зам”-ын асуудлаас эхлээд 22 асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан аж. Харин энэхүү хурдын замын төслийг хэлэлцэх асуудлаас хасахыг АН-ын бүлэг шаардсан нь тэр байлаа. МАН-ын бүлгийнхэн товлосон цагтаа хурлаа хуралдуулж Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийг шаардсан.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон түүнийг дэмжиж буй төлөөлөгчид НИТХ-ын дарга ганцаараа хурлыг төлөөлөх эрхгүй тухай мэдэгдлийг хийж, намын бүлгээ хуралдуулсан.

Ингээд 17 цагт НИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаан эхэлж, А.Баярыг огцруулах асуудлыг 27 төлөөлөгч нь гарган хэлэлцүүлснийг төлөөлөгчдийн 93.5 хувийн саналаар буюу хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн 29 нь дэмжсэнээр огцруулсан. Өөрийг нь огцруулсан энэхүү хуралд А.Баяр өөрөө ирээгүй, мөн АН-ын бүлгийн гишүүд ч оролцоогүй юм.

Дараа нь МАН-ын бүлгээ хуралдуулж шинэ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлэн, улмаар НИТХ-д танилцуулан түүнийг даргаараа сонгов.

А.Баярыг огцруулахдаа, НИТХ-ын хуралдааныг ганцаараа шийдэн хууль зөрчин хойшлуулсан болон төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хууль журмын дагуу ажлаа явуулаагүй хэмээн төлөөлөгчид нь дүгнэсэн.

А.Баярыг ийнхүү огцруулсан нь УИХ, Засгийн газрын төвшинд үргэлжилсэн МАН-ын дотоод тэмцэл нийслэлийн ИТХ-д ч халдварласан хэрэг болж байна. Өнгөрсөн өвөл мөн хавар Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг нь Х.Нямбаатараас булаах зорилготой сошиал болон нэгнийхээ эсрэг цуглаан, жагсаал хүртэл хийлгэж байсан Э.Бат-Амгалан тэр хоёрын талынхны өрсөлдөөн энд хүрээд дуусч байх шиг.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт гэнэт нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлан хуралдуулсан. Тэрхүү хуралд нь өрсөлдөхөө зарлаад байсан ХБОС-ын сайд Э.Бат-Амгалан бүр оролцоо ч үгүй.

Тэгвэл Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг А.Баяр Х.Нямбаатарын эсрэг Хангарди ордны гадаа хийсэн Баянзүрхийнхний цуглаан жагсаалыг зохион байгуулсныхаа шанг ийн амсав.

Энэ бүхэн Нийслэлийн МАН-д Х.Нямбаатар хүчтэй байгааг харуулж байна хэмээн зарим хүн үзсэн. Нөгөө зарим хүмүүс нь зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг зүйл хэмээж байсан юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn