Нийслэлд дараах 16 мега төсөл хэрэгжиж байна.
- Улаанбаатар метро
- Тусгай замын автобус(BRT)
- Улаанбаатар Трам шугам -1
- Улаанбаатар Трам шугам -2
- Агаарын дүүжин замын тээвэр
- Тойрог зам
- Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
- Туул усан цогцолбор
- Дулааны тавдугаар цахилгаан станц
- Хөрсний ус, үерийн хамгаалалт
- Дэд төвүүдийг түшиглэн орон сууцжууулах төсөл
- Баянхошуу орон сууцжуулах төсөл
- Ханын материал орон сууцжуулах төсөл
- Лаг шатаах үйлдвэр
- Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх
- Олон түвшний уулзвар
- Туул хурдны зам төсөл
- Хүннү хотын дэд бүтцийн төсөл
- Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэрэг төслийг хэрэгжүүлж байна.
16 мега төслийн ажлын явцаас дурдвал,
“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн I шатанд 6 улсын 27 компани сонирхлоо илэрхийлсэн бөгөөд II шатны тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ. Улаанбаатар метроны эхний шугам Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км бөгөөд туулах хугацаа 31 минут байх юм. Метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ.
Азийн хөгжлийн банкны зээлээр “Тусгай замын автобус” төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай үргэлжилж байна. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм.
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зарласан бөгөөд тендерийн материал хүлээн авч байна. Төслийн нийт төсөв 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамыг 2028 онд барьж дуусгана. Оргил цагт тухайн чиглэлд цагт 6989 зорчигч тээвэрлэж, авто замын ачаалал 12.2 хувиар багасах урьдчилсан тооцоо гарсан.
Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралт 58 хувьтай үргэлжилж байна. Яармаг, Арцат –Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн угсарч дууссан.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт “China first highway engineering company limited”, “Shandong Luqiao Group Co., Ltd”, “China Railway 16th Bureau Group Co., Ltd”, “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус материалаа ирүүлсэн. Нэгдүгээр тойрог замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай. Төслийн нийт санхүүжилт 918.57 сая ам.доллар юм. Тус замыг 2028 онд ашиглалтад оруулна. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 95 хувьтай үргэлжилж байна.
Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина. Өнөөдрийн байдлаар төслийн нийт явц 21 хувьтай үргэлжилж байна.
“Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Уг төслөөр гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгож, урьдчилсан судалгаагаар 5569 га талбайд ус хуримтлуулж, 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байх юм. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байх инженерийн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломжтой. Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт (далайн түвшнээс дээш 1352 м өндөрт) боомт байгуулж, уг боомтын доод хэсэгт ус цэвэршүүлэх үйлдвэр болон бага оврын усан цахилгаан станц барих, мөн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойг цогцоор нь байгуулна.
Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 26 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 20 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Уг станцыг 2028 онд ашиглалтад оруулна. ДЦС-5 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой. Станц цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт талбай ойролцоогоор 40 мянган ам.метр байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барихаар төлөвлөөд байна. “Лаг шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааны ажил үргэлжилж байна.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дуусаж, Зам тээврийн яамны Хөгжлийн төвөөр магадлуулж байна. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ.
