Н.Учрал чөлөөлсөн, удахгүй УИХ дээр цэгцлэх ажиллагаа явагдана

Улстөрийн хавар эхлэх цаг айсуй. Өнгөрсөн намар монголын улстөр халуухан болсон бол энэ хавар ч халуухан асуудал их болох нь ойлгомжтой.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч энэ талаар ярьсаар ирсэн. АН ч Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх хүлээлтийг үүсгээд байгаа. 

Тэд юутай ч эхний ээлжинд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах асуудлыг эхлээд шийдүүлэхээр шийдсэн гэдгээ илэрхийлээд буй. Үгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавихаа дарга О.Цогтгэрэл нь тавиад байгаа.

Тэгвэл эрх баригч МАН-ын хувьд УИХ-ыг эхний ээлжинд “цэгцлэх” бололтой. Цэгцлэлтийн хүрээнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг Ерөнхийлөгчөөр УИХ-д оруулж ирүүлнэ. Дараагийн ээлжинд Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татуулах ажиллагааг явуулах аж. 

Түүний урьдчилгаа болгож Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарыг Н.Тавинбэх, А.Амундра хоёрын хамт МАН-аасаа “чөлөөлсөн”. Дараагийн ээлжинд прокуророос тэднийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг оруулна.

Тавантолгойн бүлэг ордын “Бортээг”-ийн орд болон “Админерал” хэмээх компанитай холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. АТГ-ын хүсэлтээр Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаас гадна, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн хэмээн шалгаж байгаа юм.

“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” гэсэн 12-15 жилийн ялтай зүйл анги ажээ. 

Гэхдээ Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нараас гадна АН-ын зарим гишүүдийг ч татуулахаар асуудлыг оруулж ирэх тухай ярьцгааж байгаа гэнэ. Д.Цогтбаатарын хувьд гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял авчихсан. Харин “Босоо” хэмээх С.Ганбаатарын хувьд  Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгагдаж шүүхэд очиход бэлэн болоод буй.

Мөн тэднээс гадна хэрэгт яллагдагчаар татагдсан өөр цөөнгүй гишүүд байгаа. Дараагийн удаа тэдэн рүү чиглэсэн “цэгцлэх” ажиллагаа ч явагдах талаар яриад эхэлсэн.

Нэр бүхий гишүүдийг шүүхээс ялламагц нөхөн сонгуулиуд сонгогдсон тойргууд дээр нь товлогдох бололтой.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn