Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг Б.Батбаатараас өмнө өргөн барих нь

УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөрхөн УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барьж, Засгийн газрыг УИХ-д яаралтай горимоор оруулахыг хүслээ. Тэрбээр зөвхөн жагсаалтаар УИХ-д орсон гишүүд төдийгүй нийт УИХ-д сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах боломжтой хуулийн төслийг өргөн барьж байгаа аж.

Ерөнхийлөгч иргэд, олон нийтийн парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон нь энэ.

МАН-ын Их хурал дээр Н.Учрал дарга болохдоо “тооноор орогсдыг” байранд нь тавихаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч тэрхүү хүслийг биелүүлэх хуулийн төслийг ийнхүү яаралтай оруулж ирэхээ мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон тиймээс парламентын дархлаа парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үздэг” гэлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал “Иргэд олон зүйл дээр бодитой шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, авлига, хулгайн асуудалд гишүүд нэр холбогдож байна. Хулгай, луйвар хийж байна, хуурч мэхэлж байна. Адаг сүүлд нь үндсэн хийх ёстой ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л засъя гэж байгаа юм.

Бид бүхний нүдэн дээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой ардчилсан парламент маань сахилга, хариуцлагагүй, зарим тохиолдолд анх өргөсөн тангаргаа мартсан байх вий гэсэн санал, сэтгэгдэл ард иргэдийн зүгээс асар их ирж байна. Тэгэхээр үүнийг л засъя гэж байгаа юм. Энэ ёс зүйгүй байдлыг төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхэлж засах хэрэгтэй. Тэгж байж ард иргэддээ хөгжил дэвшлийн тухай ярих боломж нь нээгдэх болов уу гэж бодож байна. Түүнээс бол Монгол Улсын Их Хурлын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мандатын эсрэг шийдвэр гаргаж байгаа зүйл биш” гэлээ.

Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлүүдийг тусгажээ.

  1. Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ,
  2. Өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна,
  3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татах үндэслэл гэж тусгасан,
  4. Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгалаа.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалаа хамгаалах, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой. Цаашид энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авч, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барих юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn