УИХ-ын дарга Н.Учрал Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нарыг хүлээн авч уулзаж, Монголбанкинд хяналт, шалгалт хийх талаар мэдээллээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Учралын ярьснаар УИХ бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Тийм учраас хяналт, шалгалт хийж, улмаар аудитын байгууллагыг хамтран ажиллах ёстойг хэлэв. Үнэ хөөрөгдөж байгаа асуудал дээр цогц арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Үүнд Монголбанк тодорхой үүрэгтэй гэлээ.
Монголбанк өмнө нь 400 орчим хүнтэй ажиллаж байсан бол өнөөдөр 700 орон тоотой болжээ. Мөн мөнгө хэвлэсэн хэрэг ч гарчээ. Уг асуудлыг шалгахыг үүрэг болгов.
УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкийг хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, бүтцээ хумихыг үүрэг болгов.
Харин Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт томилогдсоноосоо хойш инфляцын өсөлтөд дүн шинжилгээ хийж байгаагаа хэлсэн байна. Мөн оновчтой, зөв бүтцийг гаргаж ажиллах талаар судалж байгаа гэв.
