Монголын улс төр гацаанд орсон, хямралт байдлын өдрүүд ээлжилсээр л байна. Энэ долоо хоногийн сүүлээр МАН-ын Их хурал хуралдаж, улмаар улс төрийн гацаа түгжээ арилах нь уу гэсэн хүлээлт байна.
Эрх баригчид хоёр хуваагдаж, тэднийг дагаад сөрөг хүчнийхэн ч хоёр хуваагдаад байгаа ч цаг хугацааны хайчинд орсон тул Монгол Улсын 2026 оны төсөв, түүнийг дагалдсан хуулиудыг батлах 5 хоногийн хугацаа л үлдээд байна.Ингэж батлагдсан төсөв удахгүй тодотголд орох байх.
Хамгийн гол нь МАН-ын Их хурлыг хүлээгээд, УИХ дахь бүх асуудал гацчихаад байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 27-нд эрх баригч МАН-ын Бага хурал болж, түүгээр намын даргын асуудлаа шийдэхээр нэг тал нь хатуу шийдэж, тэр эрчээрээ дайрсаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намынхаа даргаар сонгосон. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатарын талынхан уг сонгуулийг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс болж, төрийн ажил ч ахихаа больсон.
Улмаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн “нүүрсний” гэх хэргийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, АН-ынхан түүнийг УИХ-ыг удирдах ёсгүй гэснээр тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Ингэхдээ түүний талынхан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ч давхар хөндөж, ирц хүрэхгүй байхад өдөржин, шөнөжин хүчээр хуралдсаар огцруулсан нь Үндсэн хуулийн цэц дээр очиж, улмаар хурал удирдсан Х.Булгантуяа татагдах дээрээ тулаад байна.
Харин Засгийн газар Цэцийн шийдвэрээр тогтож үлдсэн ба хуваагдал, хагарал намжсангүй. Улмаар Д.Амарбаясгаланг Тавантолгой ордын Бортээг толгойг өөрийн болгох ажлыг хийсэн, “Админерал” хэмээх компанийн эрх ашгийн төлөө зүтгэсэн, тус компанийэ захирлын амий хөнөөсөн байж магадгүй хэмээн мэдэгдсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүйн сайд болсон.
Үүнээс болж УИХ дахь эрх баригч намын олонхийн бүлэг буюу МАН-ын бүлэг ч хуваагдаж хоёр даргатай болж, хурлаа ч хийж чадахгүй болсныг эвлэрүүлэхээр МАН-ын Уидирдах Зөвлөлөөс 16 гишүүн бүхий эвлэрүүлэх ажлын хэсгийг томилсон.
Ч.Хүрэлбаатарын удирдсан тус ажлын хэсэг МАН-ын бүлгийг хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгож, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгох тохиролцоог хийлгэсэн. Гэвч Ж.Бат-Эрдэнэ ажилдаа орж чадаагүй л байна. Яагаад гэхээр хуучин дарга Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөөгүй байгаа билээ. Үндсэн хууль зөрчин Ерөнхий сайдыг огцруулсан хэмээн ҮХЦ нэгэнт дүгнэлтээ гаргасан учир Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албыг төдийгүй УИХ-ын гишүүний албанаас ч чөлөөлөгдөх ёстой гэж үзэж буй. Тиймээс АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авсан нь энэ долоо хоногт дуусна.
АН-ын бүлэг яагаад завсарлага авч, МАН-ын Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөхгүй байна вэ гэхээр нэгд, АН-ын бүлгийн олонх Г.Занданшатарын талынхантай тохироотой байх шиг байгаа юм. Хоёрт, өөрсдөө чуулганын удирдаж, төсвийг батлуулах нь АН-ынханд ашигтай учраас тэр.
Мөн УИХ-ын зарим гишүүн жишээ нь Ц.Сандаг-Очир “Төсвийн ажлын хэсэг Г.Занданшатарыг огцруулахгүйн талд зогссон АН-ын зарим гишүүний сонгогдсон тойргуудад нийт 1.1 их наядын шинэ хөрөнгө оруулалтыг зоогоод оруулаад ирсэн” гэж мэдэгдсэн.
УИХ-ын дэд даргаас гадна УИХ-ын даргын асуудал ч МАН-ын Их хурлын дараа шийдэгдэх болно. Г.Занданшатарын Засгийн газар байх уу, шинэ Засгийн газар томилогдох уу, Засгийн газар хэвээр үлдлээ гэхэд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх үү, АН ахин Засгийн газарт орж ирэх үү?
ИЗНН, ХҮН намууд засагт үлдэх үү, сайд нарыг солих уу гээд олон асуудал асуултын тэмдэг хэвээрээ л байна.
МАН Их хурлаараа намын даргын асуудлаа шийдэж чадвал бусад асуудал дагаад шийдэгдэнэ. Чадахгүй бол хагарал тэр чигтээ үргэлжилж, УИХ анх удаа хугацаанаас өмнө тарах, эсвэл өөр шинэ дэглэм Монгол улсад тогтохын ирмэг дээр дэнжигнэж байна.
Өнөөдрийн байдлаар бол МАН даргагүй, УИХ дарга болон дэд даргагүй, Шадар сайдгүй байна.
