Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл нар танилцуулав. Хоёр улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталж, хэрэгжүүлснээр иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хоёр улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа сайжрах юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Э.Болормаа, С.Зулпхар, Б.Бейсен, А.Ариунзаяа, М.Мандхай, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Д.Ганбат, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд энэ төрлийн хэлэлцээрийг ямар улсуудтай байгуулсан болон цаашид ямар улсуудтай байгуулахаар ажиллаж байгаа, зарим хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн бүртгэл, судалгааг боловсронгуй болгож, нийгмийн баталгааг хангах, Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, шударга ёсонд нийцүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэлэлцээр байгуулж байгаа улсуудын нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог Монгол Улсын тэтгэврийн тогтолцоотой харилцан нийцүүлэх, тэтгэвэр тооцох аргачлалыг иргэдэд ашигтайгаар боловсруулж хэрэглэх, монголчууд олноороо ажиллаж, амьдардаг улс орнуудтай энэ төрлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын асуудлаар байр сууриа илэрхийлэн үг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn