
Огцорсон Л.Оюун-Эрдэнэ 2023 онд санаачлан авлигын эсрэг тогтоолыг Засгийн газраараа батлуулж “5Ш” ажиллагаа явуулна хэмээн албан ёсоор зарлаж байлаа. Тэгээд л авлигыг уг үндсээр нь устгана, авлигын индексийг бууруулна гээд “ширүүн” байж билээ. Олон нийт ч Л.Оюун-Эрдэнэ шиг авлигатай тэмцэгч алга гэцгээгээд сүрхий урам өгч байлаа Гэвч уг ажиллагаа эдүгээ амжилтанд хүрсэн үү гэвэл үгүй.
Шүгэл ажиллагаа
Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын яаралтай батлуулахыг зорьсон. Энэ хууль одоо ч батлагдаагүй л байна. Эл доль болсон асуудлыг ярьсан хэн нэгнийг шүгэл үлээлээ хэмээн ярих ч бодит байдал дээр тэр нь батлагдахгүй, тэгсгээд чимээ аниргүй болсоор ирлээ.
“Шүгэл үлээнэ” гэдэг нь ялангуяа байгууллага дотор нь авлига цэцэглээд, асуудал үүсээд байвал мэдээлэх, тэр мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо. Гэвч өнөөдөр Монголд асуудлыг хэлсэн хүнийг хавчсаар байгаад өөрийг нь асуудалтай болгодог гажиг нэвт бий болсон болохоор энэ хууль ер нь батлагдах уу? Батлагдсан ч хэрэгжих үү? Гэдэг асуудалтай.
Шүүр ажиллагаа
Эхний ээлжинд улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүрдэхээр” шийдсэн. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгч байв.
Гэвч ганцхан жишээ хэлэхэд л авлигын хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг чөлөөлж чадалгүй жил тойрох нь. Мөн нүүрсний хэрэгтэн гэгдэж байсан Х.Баттулга, Ө.Шижир, Р.Сэддорж нар УИХ-ын гишүүн болсон. Тэд л хамгийн түрүүнд шүүрдүүлэх ёстой ч Х.Баттулга бүр хөшигний цаана, наанаас бүхнийг удирдан зааж, зааварласаар өдий хүрснийг сошиалаар л солиортол бичихээс хэтэрсэнгүй.
Шувуу ажиллагаа
Үүнийг авлига, албан тушаалын гэмт хэргээ шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад оронд байгаа, төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан нөхдийг нутагт нь буцаан авч ирж, гэм буруутай эсэхийг нь тогтоох ажиллагаа гэж томьёолсон. Нийтийн мэдэж буйгаар Ч.Сайханбиэг, Н.Удаанжаргал, Д.Эрдэнэбилэг нарын томчуудыг авчирч гэм бурууг нь хүлээлгэх юу болов? Ганц сүр дуулиантайгаар барьж авчирч хэсэг суулгасан алдарт Т.Бадамжунай юу болов, хэрэг нь хэрхэв? Шувуу олигтой дэвж чадсангүй.
Шилжүүлэн авах ажиллагаа
Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах ажлыг ийн нэрлэсэн. Гэвч энэ ажиллагаа бүр онигоо болж дууссан. Улсаасаа баян болсон олигархиудын хөрөнгө оффшор бүсүүдээр дүүрэн байхад Монгол руу оруулж ирж байгаа нь хаана байна. Анх л офшор яригдаж байхад “НИК”-ийн Даваанямын 4 сая ам.долларын хөрөнгө орж ирсэн гэж яригдаж байсан. Өөр хэний офшор хөрөнгө Монголод орж ирснийг хэлэх хүн байхгүй байх.
Шилэн ажиллагаа
Төрийн өмчит бүх компанийн засаглалыг энэ ажиллагааны хүрээнд сайжруулж, солино гэсэн. Үүнээс гадна төрийн бүхий л үйл ажиллагаа шилэн болж толинд тусч байгаа мэт харагдахаар болно гэсэн. Авлигчид гэхээсээ хуурамч дипломтой хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлснөөс өөрөөр шальтай юм болсонгүй.
Гэвч авлига бахь байдгаараа, харин ч улам цэцэглэж, 5Ш –ийг санаачлагчид өөрсдөө авлигач болчихсон гэх мэдээллүүд хөвөрч, тэд өнөөдөр нийгэмд хамгийн муу хүмүүс болчихов.
Уг нь авлигатай хийж байгаа тэмцлийн дүн дотооддоо бид бүхэнд мэдэгдэхээс гадна хамгийн чухал нь олон улсад жагсаалт гаргадаг авлигын индексийг тогтооход харагдах ёстой. Гэвч 2023 онд эхэлсэн 5Ш ажиллагааны дүн 2025 оны 2 сард зарласан “Транспэрэнши интернэйшнл” байгууллагаас гаргадаг индексээс харагдана. Монгол улс 2024 оны дүнтэй адил 33 оноогоор 121-р байранд л цохиж яваа нь харагдана.
Мөн манай авлигын нүүр царай болсон “Авлига хороолол” энэ л тэмцлийн дундуур тасралтгүй баригдсаар одоо ашиглалтад орж байгаа сураг дуулдана.
Өнгөрсөн онд Хуулийн сайд байсан О.Алтангэрэл, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар 5Ш ажиллагаа үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлдэж. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар энэхүү 5Ш ажиллагааг үргэлжлүүлэх үү, эсэхүл авлигын асуудлаар өөр ажиллагаанууд эхлүүлэх гэдэг одоогоор тодорхой болоогүй л байна. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэнэ гэсэн ч хөөсөрч, пиардсаар дууссан. Харин Г.Занданшатар одоогоор авлигатай хэрхэн тэмцэхээ зарлаагүй байна.
Уг нь нэр томьёоноосоо эхлээд оновчтой, яг л хийх ажлууд 5Ш-д багтсан байгаа юм.