Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба огцрохоо мэдэгджээ

Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба ням гарагт өөрийн нам доторх шахалтад автан, өнгөрсөн 7-р сарын парламентын сонгуульд түүхэн ялагдал хүлээсэнд хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдлээ.

Ишиба өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд огцрох шийдвэрээ гаргахдаа өөрийн Либерал Ардчилсан Намын даргын албаа мөн өгөхөө зарласан юм.

68 настай төвийн байр суурь баримталдаг тэрээр намынхаа барууны жигүүрээс гарсан шахалтыг урт хугацаанд эсэргүүцэж байсан ч улс төрийн вакуум үүсгэхээс зайлсхийхийг хүсэж байснаа тайлбарлав. Учир нь Япон улс АНУ-ын тарифын дарамт, өсч буй үнийн өсөлт, Ази-Номхон далайн бүсийн хурцдаж буй нөхцөл байдал зэрэг дотоодын болон олон улсын ноцтой сорилтуудтай нүүр тулсан.

Огцрох тухайгаа зарласан хэвлэлийн бага хурал дээр тэрээр “Засгийн газрын тэргүүн нь огцорно гэж зарлачихсан үед хэн тийм улстай ноцтой хэлэлцээ хийх билээ. Би эхлээд АНУ-тай тарифын асуудлаар ахиц гаргах ёстой байсан” гэжээ.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы автомашин болон бусад бараанд ногдуулдаг тарифыг 25 хувиас 15 хувь болгон бууруулах шийдвэр гаргасны дараа Ишиба “одоо залгамжлагчдаа зам тавих цаг болсон” хэмээн мэдэгджээ.

Тэрээр огцрох шийдвэр гаргахдаа өөрийн Либерал Ардчилсан Намын даргын албаа мөн өгөхөө зарласан юм.

НАМЫН ДОТООД ДАРАМТ

Ишиба огцрох шийдвэр гаргахдаа намын дотоодын хуваагдлыг гааруулахгүйн тулд хэмээн мэдэгджээ.  Учир нь Японы либерал ардчилсан  нам маргааш нь удирдлагын ээлжит бус сонгууль явуулах эсэхээ шийдэх байлаа. Энэ нь бараг л итгэл үл үзүүлсэн санал хураалт болох байсан.

“Нам доторх хуваагдлыг улам гүнзгийрүүлэхийг хүсээгүй учраас энэ шийдвэрийг өвдөлттэйгээр гаргалаа” гэж тэр хэлсэн байна.

Одоо нам аравдугаар сард шинэ удирдагчаа сонгох сонгууль зохион байгуулах бөгөөд парламент баталснаар шинэ Ерөнхий сайд ажилдаа орно. Тэр болтол Ишиба үүрэг гүйцэтгэгчээр үлдэх ажээ.

Богино настай удирдлага

Ишибагийн ердөө нэг жил үргэлжилсэн засаглал нь Японы цөөнхийн засгийн газрын тогтворгүй байдлыг илтгэв. Тэрээр намын даргын сунгаанд тав дахь оролдлогоороо ялсан ч ард түмний өөрчлөлтийн хүлээлтийг хангаж чадалгүй буцаж байгаадаа харамсч буйгаа хэлсэн.

Тэрээр ирэх удирдагчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд цалингийн өсөлт, хөдөө аж ахуйн шинэчлэл, Японы аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг өөрт нь чухал сэдвүүдийг залгамжлагчдаа үргэлжлүүлэн авч явахыг хүсэв.

Ялагдлын дараалал

Сая 7-р сард болсон сонгуульд Либерал ардчилсан намын  эвсэл 248 суудалтай Дээд танхимд олонхоо алдаж ,засгийн газар нь суларсан. Энэ нь өмнөх оны  10-р сард Доод танхимын сонгуульд олонхоо алдсаны дараах ялагдлын үргэлжлэл байлаа.

Ишибаг дэмждэг хууль тогтоогчдын үзэж буйгаар суудлаа алдсан хүмүүсийн дийлэнх нь өмнө авлигын дуулианд нэр холбогдсон барууны хатуу үзэлтнүүд байсан гэнэ. Харин олон нийтийн санал асуулгаар огцрох шахалт нь эсрэгээрээ Ишибагийн нэр хүндийг өсгөсөн байна.

Гэсэн ч Либерал ардчилсан нам  өнгөрсөн долоо хоногт “намдаа бүрэн шинэчлэл хийх” шаардлага гаргаснаар түүнийг огцруулах дуу хоолой улам эрчимжжээ.

Дараагийн удирдагчид

Ишибагийн залгамжлагчаар нэр яригдаж буй хүмүүсийн дунд:

  • Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми
  • Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан, барууны хатуу үзэлт Санайэ Такаичи
  • Ерөнхий сайд асан Кишидагийн шавь, Ерөнхий кабинетін нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши нарын нэрс багтаж байна.

Гэвч Либерал ардчилсан нам  одоо хоёр танхимд олонх биш учраас дараагийн удирдагч нь хууль тогтоомжоо батлуулахын тулд сөрөг хүчний намуудтай хамтарч ажиллах шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

Иргэдийн байр суурь

Токио хотын иргэн Такахиро Учи:

“Өөрчлөлт ирнэ гэж найдаж байгаа учраас огцрох нь зөв, гэхдээ дараа нь хэн удирдах нь тодорхойгүй байгаа нь бас айдас төрүүлж байна” гэжээ.

Шүдний тоног төхөөрөмжийн компанид ажилладаг Масатака Нишиока:

“Бүх хүнд амьдралыг арай хялбар болгох төрийн бодлого хэрэгтэй байна” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: apnews.com

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn