
Шинээр байгуулагдсан Засгийн газарт Үндэсний эвсэл хамтарч,тэргүүн Н.Номтойбаяр нь Шадар сайдаар томилогдоно гэх мэдээлэл цацагдсан. Гэвч удалгүй Ерөнхий сайд УИХ-д танхимын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа Н.Номтойбаярын оронд С.Амарсайханыг томилж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Засгийн газартай яагаад хамтраагүй талаар тайлбар өглөө.
Тэрээр “Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эвсэл парламентад суудалтай тул хамтран Засгийн газарт ажиллая гэж саналаа албан бичгээр өгч, үүний дагуу уулзалт болсон. Улс оронд тулгамдаад буй асуудлуудыг шийдэж ажиллая гэж сэтгэл шулуудсан байгаа Ерөнхий сайдын байр суурь маш их таалагдсан. Гарц шийдлийг зөв тодорхойлжээ, энэ хүн ажиллаж чадах юм байна гэх итгэл надад төрсөн. Мөн С.Амарсайхан надад Шадар сайдын албаа өгье гэж өөрөө ирж уулзсан ч би татгалзсан. Үүнд олон шалтгаан бий. Миний мэддэг, би юу хийж чадах, гараас юм гарах зэрэг хэд хэдэн тодорхой чиглэл байдаг. Харин үүнтэй маань Шадар сайдын ажил нийцээгүй учраас би татгалзсан. Ямар ч тохиолдолд би сайдын сэтэр авах гэж юу ч хийсэн яах вэ, сайд л болж байвал гээд гүйж явах хямдхан улс төрч би биш. Аливаа ажил хэргийг дааж авсан бол үр дүн гаргах ёстой гэсэн чиглэлийг л баримталсан юм” гэлээ.
Мөн “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш тул улс төрийн эрх мэдэлгүй. Би өмнө нь Жаргалтулгын Эрдэнэбатын кабинетэд ажиллаж байсан, тэр хүн мөн адил улс төрийн мэдэлгүй хүн байсан. Засгийн газрын тэргүүн нь улс төрийн мэдэлгүй байвал ажил урагшлахад их хэцүү. Бусад улс орны жишигтэй харьцуулбал Монголын улс төр төдийлөн хөгжөөгүй, ёс зүйн хэм хэмжээ, сахилга батын хувьд хол хоцорсон. Үүнээс үзвэл энэ Засгийн газар бол Ерөнхий сайдын өөрийнх нь хүсч, хүлээж байсан кабинет биш. Намын бодлого, янз бүрийн бүлэглэлийн шахаа гэх мэт эрх мэдэлгүйн зовлон тэр. Ийм учраас би Засгийн газарт ороогүй, орох гэж дурласангүй. Урвагчтай мөр зэрэгцэн суух хэцүү. Би тагнуулын офицер хүн. Тагнуулд хэнтэй хамт явах уу гэдгээ 70 удаа хэмжиж шийддэг зарчимтай” хэмээн мэдэгдлээ.
Б.Номин-Эрдэнэ