
Magnet Brain нэрээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч болох Г.Маргад Berlin music video awards/BMVA буюу Берлиний хөгжмийн видео awards гардуулах ёслолд амжилттай оролцож хоёр шагнал хүртлээ. Энэ оны зургадугаар сарын 14-нд тус арга хэмжээний 13 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болсон. Үүнд 10 уран бүтээлч өрсөлдсөнөөс Монголын залуу уран бүтээлч болох Magnet Brain “Soul Mantra” дуугаараа Best Song, Obscure Agency-аас “Шинээр төрөн гарч буй шилдэг уран бүтээлч” шагналыг тус тус хүртжээ.
Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр энэ уран бүтээлээ сонирхуулан үзэгчдээс ихээхэн сайшаал хүртсэн байна. Magnet Brain уг арга хэмжээний үеэр өгсөн ярилцлагадаа “Би зөвхөн уран бүтээлч биш, харин дэлхийд нөлөөлж чадах хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь миний карьерын эргэлтийн цэг болсон. Зүрхээрээ, шударга байдал, үгээр тайлбарлахад хэцүү нэгэн төрлийн сүнслэг зүйл бүтээлд орших ёстой” хэмээжээ.
Soul Mantra клипний найруулагчаарAdrian Villagomez ажиллажээ. Уг дуу гарсан даруйдаа “Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нэвтрүүлгийн өнгө төрхийг илэрхийлсэн ая болсноор үзэгчдэд илүү хүрч чадсан ба одоогийн байдлаар Youtube дээр нэг жилийн дотор 24 сая хандалт авсан байна.
Тэгвэл Г.Маргад гэж хэн бэ?
“Voice of Mongolia” шоуны эхний улирлын шилдэг оролцогч Г.Маргад дуулалт, өвөрмөц, содон дүр төрхөөрөө од болох замналд амархан хүрсэн. Хөтлөгч Г.Анхбаярын найруулсан “Огтлолцол” кинонд туслах дүр бүтээснээр кино урлагийн салбарт ч өсөн дэвжих боломжтой нэгэн гэдгээ ч харуулаад амжсан. 2018 оноос эхлэн R&B,POP чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба сүүлд 2023 оны нэгдүгээр сард “Virgin” гэх нэртэй бие даасан мини цомгийнхоо бүх дууны үгийг өөрөө бичсэн авьяаслаг уран бүтээлч.
Тэрээр Монгени ахлах сургуулийг төгсч, жүжигчний мэргэжлийг “Сити” дээд сургуульд эзэмшсэн. “Бага байхаасаа л хүн хүнийг дууриаж, юм юм хийж үздэг хүүхэд байсан ба цэцэрлэгт орохоосоо өмнө л дуулдаг байсан. Урлагийн замыг минь гэрэлтүүлж өгсөн хүн бол миний эмээ. Эмээ маань Дэлхийн бүжгийн спортын алтан медальтай хүн” гэж нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг. Түүний үргэлж өөртөө хэлдэг үг нь “Болохгүй зүйл гэж байхгүй шүү, авна шүү, чадна шүү, хийнэ шүү, бүтээнэ шүү” ба өөрийгөө сорих, шинэ зүйл туршиж үзэх нэн дуртай нэгэн. Мөн Г.Маргад “Жаахан байхад дамбо, чебурашка, чихээрээ нисээч гэж хүүхдүүд шоглодог болохоор чихэндээ их дургүй байсан. Том болоод чих маань миний нэг онцлог, давуу тал юм байна гэдгийг ойлгосон. Одоо чихэндээ их хайртай. Буянтай хүний чих том гэдэг шүү дээ. Намайг илэрхийлэх бас нэгэн онцлог гэж боддог” тухайгаа хуваалцаж байсан билээ.
Б.Номин-Эрдэнэ