
УИХ-ын 30 гишүүн шинээр бүрэлдэх Засгийн газрын бүрэлдэхүүнд хуучин танхимын сайдуудыг оруулахгүй байхыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж гарын үсэг зуржээ. Эдгээр гишүүдийн нэг болох УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.
Би гарын үсэг зурсан. Ер нь бол анх энэ санаачилгыг миний бие гаргасан юм. Кабинетын хариуцлага буюу хамтын хариуцлага, хамтын удирдлага гэж байх ёстой. Дээр нь улс төрийн соёл гэж байх учиртай.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар нэлээн өндөр саналаар дэмжигдэж, томилогдлоо. Үүний цаана их өндөр хүлээлт байна гэсэн үг. Өмнөх Ерөнхий сайд ажлаа өглөө, дараагийн Ерөнхий сайд гарч ирлээ. Гэтэл кабинетийн бүрэлдэхүүн нь нөгөө хуучин сайд нараас нэлээд хэд нь ороод ирэх юм бол зохимжгүй. Нэгдүгээрт, хамтын хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, шинэ Засгийн газрын ажлын бүтээмж, хэр удаан оршин тогтнох вэ гэдэг нь өөрөө энэ хүлээлтээс шууд хамааралтай.
Хамгийн эхлээд 23 сайдын тоог 15 руу оруулаасай гэж бодож байна. Бид өмнө нь Засгийн газрын үйл ажиллагаа явуулж байсан түүхийг харах юм бол 13, 15,16 сайдтай үйл ажиллагаа явуулж байсан түүхүүд бий. Дээр нь яамгүй сайдуудыг болиулах ёстой. Бүтээмж, хяналтын менежерүүдийг бас болиулах ёстой. Би зарим газартай холбогдож судалгаа авсан. Ер нь хэвийн явж байсан ажлууд хэвийн биш л болчихсон юм билээ. Тийм нэг чөдөр тушаа болсон учраас тэр бол чөлөөлөх үндэслэл.
Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал бол хуулиар Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Тэгэхдээ нийгмийн хүлээлтэд нийцсэн хэлбэрээр бүрэлдэхүүнээ оруулж ирэх нь зөв болов уу. Ерөөсөө л нийгэмд хамгийн эхэнд дүнгээ тавиулах зүйл бол энэ бүрэлдэхүүн буюу энэ фэйс байхгүй юу
МАН—ын бүлэг дээр ч, Удирдах зөвлөл дээр ч эдгээр асуудлаар ярьсан. Өөрөөр хэлбэл, бүтэц, бүрэлдэхүүн бол энэ Засгийн газрыг хамгийн эхэнд тодорхойлох үзүүлэлт. Тийм учраас бид үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд, ардчилсан зарчмын дагуу асуудал тавьж байна.
Бид бол шинээр бүрдэх Засгийн газраа бүрдүүлэхдээ Ерөнхий сайд явцуу эрх ашгаар асуудалд бүү хандаасай гэсэн зарчмаар л явж байгаа. Түүнээс биш хүмүүсийн хэлээд байгаа шиг хоолонд орох зарчим бариагүй. Жишээ нь, надад сайдаар томилогдох санал тавьбал би татгалзана. Ер нь бол хоёр, гурав сонгогдсон гишүүн сайд болно, анх удаа сонгогдсон нь сайдаар томилогдохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Ерөөсөө л чадамж дээр суурилсан байдлаар, мэргэжлийн улсууд нь салбар удирдах юмуу гэдэгт Ерөнхий сайдыг мэдрэмжтэй хандаасай л хүсч байна.