“Өөрчлөлтийн дуу хоолой” иргэний нийгмийн форум өнөөдөр болж, нийт 50 гаруй байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцлоо. Форумд оролцогсод иргэний нийгмийн өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, “Хөгжлийн төлөөх хариуцлага:Иргэний нийгмийн санаачлага”-д 18 төрийн бус байгууллага нэгдлээ.
Форумын үеэр “Эмэгтэйчүүд,залуучуудын оюуны сан” Үндэсний сүлжээний тэргүүн, доктор Ц.Бүжидмаа, Дорнод аймгийн Иргэний нийгмийн зөвлөлийн Ерөнхий зохицуулагч Д.Бүжин, Энхтайвныг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн “Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачлагыг хэрэгжүүлэх үндсэн зарчмууд”-д иргэний нийгмийн дараах 18 байгууллага нэгдэж гарын үсэг зурлаа.
- Хил хязгааргүй алхам ТББ
- Газрын эзэн баян зүрх нөхөрлөл
- Даацтай хөгжлийн ирээдүй
- Монголын байгаль хамгаалагчдын холбоо
- Иргэний Боловсролын Төв
- Сонгогчийн боловсрол төв
- Иргэний засаглал ТББ
- Таны Эрх-Эгэл нандин
- Ил тод байдал сан
- Өгөөмөр мэдээллийн товчоо
- Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо
- Монфемнэт Үндэсний сүлжээ
- Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан
- Хөгжлийн Туслалцаа Төв
- Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
- Дэлхийн эмэгтэйчүүд, энхтайвны соёл нийгэмлэг
- Эмэгтэйчүүд, Залуучуудын Оюуны сан
- Захиргааны шинэ санаачилга
Хөгжлийн төлөөх хариуцлагын зарчмууд нь хүний эрхэд суурилсан хөгжлийн хандлагыг баримтлах, хөгжлийн оролцогч бүх талуудтай түншлэн ажиллах, ил тод, нээлттэй байдал, хариуцлага, тайлагналын зарчмыг баримтлах юм. Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх үйл ажиллагааг эрчимжүүлэх, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг эрхэмлэж, нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгоход хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах үйл явцад нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг хүргэх зэрэг нь хөгжлийн төлөөх хариуцлагын зарчмын нэг агуулга. Мөн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, олон нийтэд үйл ажиллагаагаа таниулах, санал хүсэлтийг хүлээн авахдаа харилцаа холбооны сувгийг үр ашигтай хэрэглэнэ.Байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулах, үр дүнтэй бодлогын нөлөөллийг хэрэгжүүлэх, энхтайван аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлтыг дэмжих зэрэг зарчмууд багтаж байгаа ажээ.
Энэхүү арга хэмжээ нь Европын холбооны санхүүжилтээр “Дойче Велле” академи, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн нэг хэсэг юм.