Бурхан багшийн сэргээн бүтээсэн дүрд аравнай өргөлөө

Энэ жил 50 жилийн ой нь тохиож буй Эрдэнэт хот ойгоо угтан 50 бүтээн байгуулалтын ажил өрнүүлсний нэг нь Бурхан багшийн сэрэг дүр буюу “Их Шүтээн” цогцолборын сэргээн засварлалт, шинэчлэл байв. 

Тус цогцолборыг 2011 онд ард иргэдийн хандиваар бүтээн байгуулсан бөгөөд Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд сэргээн засварлаж, өнгө үзэмж болон орчны тохижилтыг шинэчилжээ.

Бүтээн байгуулалтын ажил  дууссантай холбогдуулан Наро Банчэн гэгээнтнийг орон нутагтаа залж, сэргээн бүтээсэн Бурхан багшийн дүрд аравнай өргөх ёслолыг өнөөдөр зохион байгуулжээ. 

Цогцолборын сэргээн засварлалт, шинэчлэлийн ажилд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд зураг төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэн боловсруулж, гүйцэтгэгчээр “Бодь Хангай” ХХК ажиллажээ.

Сэргээн засварлалтын хүрээнд цогцолборын суурийн хэсгийг усан дээр дэлгэрэх бадамлянхуа цэцгийн дүрслэлээр чимэглэсэн байна. Буддын шашны бэлгэдэлд бадамлянхуа нь булингарт уснаас урган гарсан ч хир буртагт авталгүй, ариун цагаан дэлбээгээр дэлгэрдэг онцлогоороо цэвэр ариун, гэгээрлийн бэлгэдэл хэмээн үздэг. Мөн зулын бадмыг бэлгэдсэн алтлаг суурьтай гэрэлтүүлгийг шийдэл болгон тохижуулсан эл бүтээн байгуулалт цаашид  Эрдэнэт хотын өнгө төрхийг тодорхойлох түүх, соёл, шашин, аялал жуулчлалын үнэ цэн бүхий гол цэгүүдийн нэг болох аж.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn