Баавгай унтуулах буу зэргийг авах тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдээд байна. Увс аймгийн долоон сумын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн бөгөөд тус аймгийн Засаг даргын тамгын газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд баавгай агнах зөвшөөрөл олгох хүсэлтийг албан ёсоор хүргүүлжээ.

Өмнө нь Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий, Хөвсгөл аймгуудаас ч баавгайтай холбоотой асуудлуудыг тавьсан.

Орон нутгийн иргэдийн зүгээс өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “Ойр орчимд баавгай үзэгдвэл агнаж болох уу” гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Гэвч хуулийн дагуу баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль бус үйлдэл тул дур мэдэн агнаж болохгүй гэдгийг иргэдэд анхааруулан ажиллаж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр энэ талаар хэвлэлүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр шөнийн 04:00 цагт дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт байрлах Адам, Ева хоёрын хөшөөний орчимд баавгай явж байна гэх дуудлага хоёр удаа бүртгэгдсэн. Харин өнөөдөр өглөө Байгаль орчны газар нийслэлийн Байгаль орчны газартай хамтарч хоёр машин, зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж үзлэг шалгалтыг хийсэн. Одоогоор баавгай олдсон зүйл алга байна. Үүнээс гадна Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай гарсан.

Маргааш Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд, Сангийн сайд нартай ярилцаж Засгийн газрын нөөц сангаас тэрбум төгрөгийн зардал гаргаж унтуулдаг буу, зайнаас түрхдэг цацлага болон шатахууны зардал, хоол хүнс тэжээлээр хангах асуудлыг шийдэх гэж байна.

Унтуулгын бууны нэгжийн үнэ нь 32 сая төгрөг бөгөөд Монголд байхгүй. Тиймээс худалдаа эрхэлдэг хувийн байгууллагатай ярилцсан. Төсөв санхүү нь шийдэгдвэл богино хугацаанд оруулж ирэх боломжтой. Мөн айлгадаг цацлага нь 10 сая орчим бөгөөд мөн адил Монголд байхгүй байгаа.

Сарын дараагаас баавгай ичээндээ орно. Хоол тэжээлийн хомсдолын улмаас ичээндээ орж чаддаггүй аж. Нөгөөтэйгүүр, ОХУ-аас хар баавгай орж ирсэн асуудал яригдаж байна. Үндсэндээ, 6 мянга гаруй км зайнаас наашаа орж ирэх боломж байхгүй гэдэг дүгнэлтийг хийж байна. Үүнээс гадна бугын ороо эхэлж байна. Тиймээс буга бас төв суурин газарт орж ирнэ. Тэгэхлээр хашааны асуудал давхар яригдах юм.

Тодруулбал, Богд уул, Хустайн нурууны бугын тоо толгой сайн өссөн. Манай яамнаас орон нутагт үнэхээр баавгай дайрч амь эрсдэх тохиолдол үүссэн үед баавгайг буудах чиглэлийг өгч байгаа. Мөн экологийн цагдаагийн албатай ярилцаж байгаа бөгөөд бамбаруушаа дагуулж яваа эм баавгайг агнаж болохгүй. Харин насанд хүрсэн баавгайг агнах зөвшөөрлийг олгож байгаа” гэв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn