Ажлын байрны бэлгийн дарамтад орж Улсын филармониос халагдсан дуучин Л.Насанбуян шүүх дээр ялжээ

– Л.Насанбуян: Ээжийг минь нас барахад 13 жил жаргал,зовлонгоо хуваалцсан хамт олноос минь нэг нь ч эмгэнэл илэрхийлээгүй-

Улсын филармонийн гоцлол дуучнаар 13 жил ажилласан дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцсэнийхээ төлөө хоёр жил долоон сарын өмнө ажлаасаа халагдаж, шүүхджээ.

Ингээд өнөөдөр шүүхийн эцсийн шийдвэр гарч тэрээр ялсан байна.

Тэрээр сошиал хуудсандаа:

“Тийм ээ БИ ЯЛСАН.

Сүүлийн удаа энэ сэдвээр өөрийн сошиал сувагтаа мэдэгдэл оруулж байна.

Жич: Ажлын байран дээр мэргэжлээр нь чи бусдаас муу гэж дахин дахин ойлгуулж, итгүүлж хүнийг өөрөөр нь сэтгэл зүйгээр нь унагааж, бууж өгүүлэх аймшигтай зохион байгуулалттай үйл ажиллагаа болсныг одоо би ойлгосон.

Би ҮНЭН ялна гэдгийг мэдэж байсан. Учир нь би өөрөө ҮНЭН юм. Энэ сэдвийг ингээд хаалаа. Хамт байсан, дэмжиж байсан, хайртай бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн бичжээ.

Мөн “Ингээд 2 жил 7 сар шүүхийн байгууллагаар явсны эцэст цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн дагуу ялж дуусав.

Энэ хугацаанд сэтгэл санаа, цаг хугацаа, урам зориг, хар бага наснаасаа тэгтлээ их хичээсэн хүсэж мөрөөдсөн тайзаа орхиж, ажилгүй болж, сэтгэл санаагаар унаж, уйлж, хямарч, уран бүтээлээ хийх даль жигүүрээ хүртэл тас цавчуулж, хайрт ээжийгээ ч бурхны оронд одуулсан аймшигт он жилүүд байлаа. Нэгэнт эхлүүлсэн бол дуусгах ёстой учраас шүд зуун бүхнийг тэвчсэн.

Маш олон охид, эмэгтэйчүүдэд үүнээс хойш, түүнээс цааш өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарах урам зориг өгч, маш том цонхыг хагалж өглөө гэж бодож байна. Цаашдаа охид эмэгтэйчүүд минь өөрсдийн эрх ашгийн төлөө дуугардаг байгаасай, нотлох баримт цуглуулдаг байгаасай, миний мэдэрсэн шиг зүйлийг битгий мэдрээсэй гэж хүссэн үүднээс ийнхүү шүгэл үлээсэн юм.

Одоо албан ёсоор ажлаас халагдах өргөдлөө өөрөө бичиж халагдах болно. Ингээд жинхэнэ утгаараа хувиараа уран бүтээлч, бизнес эрхлэгч эмэгтэй боллоо. Энэ хугацаанд сэтгэл санаагаар минь дэмжиж хамт байсан ойлгож хань болсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн гүнээсээ талархья.

Онцгойлон миний энэхүү кэйс дээр ажилласан хөдөлмөрийн хуульч М.Саранцацрал ( Hodolmoriin Huulich Sarah ) таньд маш их баярлалаа.

Нилээд гунигтай байгаа ч гэсэн үргэлжлүүлэн амьдрах болно. Чадах чинээгээрээ дуугаа, уран бүтээлээ хийх болно” хэмээн бичжээ.

Түүнийг ажлаасаа халагдаж шүүхдэж явах үед ээж нь нас баржээ. Тэгэхэд 13 жил хамт ажилласан хамт олноос нь нэг нь ч, бүр найзууд гэж явсан хүмүүс нь ч эмгэнэл илэрхийлээгүй гэнэ.

Тэрээр шүүхэд ялсныхаа дараа өргөдлөө өгч ажлаа өгнө  гэжээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn