Тус өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, соёл урлаг, европ бүтээгдэхүүн, хоол хүнс, Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, боловсролын тэтгэлэгт хамрагдах боломжуудыг иргэд олон нийтэд танилцууллаа.
Мөн энэ үеэр Монгол Улс-Европын Холбооны “Ойн түншлэл” санаачлагын хүрээнд ойн салбарын хөгжил, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Бугант Нандин” болон “Домогт Шарын Гол” ойн мэргэжлийн байгууллага, баялаг бүтээгчидтэй хамтран оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар олон нийтэд сурталчилан танилцууллаа.
Европын Холбоо нь Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл бөгөөд дэлхийн хэмжээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Энэ удаагийн өдөрлөгөөр тун удахгүй Монгол Улсад зохион байгуулагдах COP17 хурлын талаар мэдээлэл мөн хүргэлээ.
Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн байгууллагууд болон Монголын томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй байгууллага оролцож байна.
