“Тогтвортой энх тайвны төлөөх олон улсын санаачилга” сэдэвт бага хурал боллоо

НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд “Тогтвортой энх тайвны төлөөх олон улсын санаачилга” сэдэвт бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллага болон Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (МУЗН)-ийн Баянзүрх дүүргийн салбар хамтран зохион байгуулсан бөгөөд “Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын Монголын хороо”,  Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Цэргийн төв эмнэлгийн “Поликлиник” болон Чингис хаан үндэсний музей зэрэг томоохон байгууллагууд ач холбогдол өгч, дэмжин оролцов.

Арга хэмжээний зорилго нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон үе үеийн цэргийн албан хаагчдын гавьяа зүтгэлийг хүндэтгэх, тэдэнд дэлхий дахинд тогтвортой энх тайвныг цогцлоох олон улсын санаачилга, хамтын ажиллагааны ач холбогдлыг таниулах, мөн гамшиг, онцгой байдлын үеийн анхны тусламж болон сэтгэл зүйн дэмжлэгийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн.

Хурлын үеэр, дэлхий дахинд зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй өнөө цаг үед энхийг сахиулагчдын үүрэг оролцоо улам чухал болж байгааг оролцогчид мөн онцлон тэмдэглэсэн.

Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд Монгол цэргийн сахилга бат, хүмүүнлэг хандлага олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж байгааг арга хэмжээний үеэр дурдсан юм.

Бага хуралд Зэвсэгт Хүчний Жанжин штабаас 110 энхийг сахиулагч, төр, цэргийн байгууллагын 20 гаруй төлөөлөл, хүндэт зочид оролцлоо.

Нээлтийн үеэр HWPL байгууллагын Монгол дахь салбарын зохицуулагч Г.  Ариундэлгэр, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н. Жанцан, Цэргийн төв эмнэлгийн “Поликлиник”-ийн дарга О. Энхбаяр нар хүндэтгэлийн үг хэлж, энх тайван, хүмүүнлэг нийгмийг хамтдаа бүтээхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Арга хэмжээний хүрээнд:

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад энхийн төлөөх санаачлагуудын оруулсан хувь нэмэр” сэдвээр Бэлтгэл хошууч генерал, “Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын Монголын хороо”-ны тэргүүн Б. Баярмагнай, “DPCW олон улсын эрх зүйн санаачилга” сэдвээр HWPL байгууллагын менежер С. Оюунгэрэл,  “Гамшгийн үеийн сэтгэл зүй ба анхны тусламж” сэдвээр Баянзүрх дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга, анхны тусламжийн сургагч багш Б. Хулан нар тус тус илтгэл тавьж, олон улсын эрх зүйн салбарт танилцуулагдсан DPCW тунхаглал, Монгол улсаас санаачилсан энхийн санаачилгууд болон гамшгийн үеийн бэлэн байдлын талаарх мэдлэг, туршлагуудыг хуваалцав.

Мөн арга хэмжээний төгсгөлд “Монгени” сургуулийн сурагч Т.Хулан энхийг сахиулагчдад зориулан бичсэн захидлаа уншсан бөгөөд  эх оронч үзэл, энх тайвны үнэ цэнийг илэрхийлсэн сэтгэл хөдөлгөм мөч болсон юм.

Тус арга хэмжээ нь энхийг сахиулагчдын гавьяа зүтгэлийг алдаршуулахын зэрэгцээ залуу үед эх оронч үзэл, хүмүүнлэг ёс, нийгмийн хариуцлага, энх тайвны боловсролын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлснээрээ чухал ач холбогдолтой байлаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn