Байгуулагдсан цагаасаа захирлууддаа халтай явж ирсэн байгууллагууд, компаниуд бий. Тэдний нэг нь та бидэнд 1072 хувьцааны ашиг гэж сүүлийн жилүүдэд хэд гурван бор юм өгөх болсон “Эрдэнэс Тавантолгой” ХК.
Тус компанийн ТУЗ өнөөдөр хуралдаж, Б.Чагнаадорж хэмээх залууг гүйцэтгэх захирлаар томилжээ. Б.Чагнаадорж нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү сэлгэн томилогджээ.
Түүнийг захирлаар нь ажилласан хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2025 онд түүхэн дээд амжилт тогтоож, 72,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өнгөрсөн онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн бөгөөд 246,6 тэрбум төгрөгийн татварыг төлжээ.
Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид нийт 407,8 тэрбум төгрөгийн татвар төлсөнөөс 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлжээ. Өнгөрсөн онд 551,6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөсөн нь 593,1 тэрбум болж, 42 тэрбумаар давж биелсэн гэнэ.
Б.Чагнаадоржийг 2024 оны 7-р сард захирлаар томилогдоход “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 1634 ажилтан дунджаар 3,2 сая төгрөгийн цалинтай байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өссөн гэлцэнэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийн үйл ажиллагааны үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 95,6 оноо авч тэргүүлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ эдгээр үр дүнг харгалзан тооцож, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар сэлгэн томилсон нь энэ гэнэ. Б.Чагнаадорж өмнө нь “Эрдэнэс Монгол”, “Монросцветмет” компаниудад ажиллаж байсан ажээ.
