Н.Учрал “Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх санал” гаргажээ

Эрх баригч МАН-ын Бага хурлын хуралдааны эхэнд тус намын дарга Н.Учрал илтгэл тавьж байна. Тэрбээр энэ үеэрээ “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, А.Амундра, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй” гэж мэдэгдлээ.

Н.Учрал “Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ. Авлига Монголыг идэж байна. Авлига Ардын намыг идэж байна. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай,

1. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,

2. Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

3. Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя. Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ. Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ. Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө. Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг алагчлалгүй ивээх болтугай” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn