МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Н.Угтахбаяр “Кибер тусгаар тогтнол 2025” форумд “Хиймэл оюунд суурилсан халдлага илрүүлэх эко систем” сэдвээр илтгэл тавьсан.
Тэрээр илтгэлийнхээ гол санааг фэйсбүүктээ ийнхүү бичжээ.
Нэг: Манай улс шиг хөгжиж буй улсын хувьд хиймэл оюуны загваруудыг сайжруулах, боловсронгуй болгохоос илүү нэвтрүүлэх, ашиглах цар хүрээгээ зөв тодорхойлж тэрхүү чиглэлд анхаарах нь илүү чухал. Учир нь хиймэл оюуны загваруудыг сайжруулж, боловсронгуй болгоно гэдэг зардал өндөр, бусад нөөц их шаардана.
Хоёр: Хиймэл оюун гарч ирснээр халдлага хийх зардал мэдэгдэхүйц буурсан ч халдлагаас сэргийлэхэд зарцуулах зардал өндөр хэвээр байсаар байна. Энэ нь буурай, хөгжиж буй орнуудын хувьд ШИНЭ ТЭГШ БУС БАЙДАЛ бий болгож байна.
Гурав: Бидний дархлааны систем улс орны болон байгууллагын кибер дархлааны (аюулгүй байдал) системтэй яг ижил. Монгол Улс хиймэл оюуныг ашиглахаар шийдэж буй бол XAI бүхий шийдэл ашиглацгаая. Хар хайрцаг шиг юу болж байгааг нь мэдэхгүй “closed” “хиймэл оюун” ашиглах нь үндэсний аюулгүй байдалд аюултай. Ялангуяа ОЧМДБ бүхий байгууллагуудын хувьд.
Дөрөв: Бусад улс орнууд яагаад үндэсний IDS зэрэг сүлжээний урсгалд дүн шинжилгээ хийх систем, шийдэлд хөрөнгө оруулаад, суурь судалгаа хийлгээд байгааг ухвал ӨГӨГДӨЛгүй ХИЙМЭЛ ОЮУН “цусгүй тархи”-тай ижил. Сүлжээгээр дамжихгүй халдлага гэж бараг байхгүй. Сүлжээний урсгал бол халдлагын хамгийн суурь өгөгдөл. Бусад улс үүнийг аль эрт ойлгож энэ чиглэлд суурь судалгаа хийж, IDS-д олон жилийн турш тасралтгүй хөрөнгө оруулалт хийж байна.
Тав: МУИС-ийн судлаачид, багш нар, үе үеийн магистрант, докторант оюутнууд 2011 оноос хойш тасралтгүй энэ ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо хийсээр ирсэн нь Үндэсний их сургуулийн хувьд үндэсний бөгөөд улс орны суурь судалгаа хийх, цаашлаад Монгол Улс руу чиглэж буй халдлагын онцлогийг таньж мэдэх, үндэсний аюулгүй байдлаа хангахад бодитой хувь нэмэр оруулна гэж итгэснийх юм.
Зургаа: Төр бидэнд дэмжлэг үзүүлсэн ч бай, үзүүлээгүй ч бай бид үүнийг хийсээр байх болно. Төр түмэн нүдтэй нь үнэн бол хэзээ нэг өдөр бидний хийсэн ажлыг үндэсний аюулгүй байдлыг хангах кибер аюулгүй байдлын суурь систем мөн болохыг хүлээн зөвшөөрнө.
Долоо: Үндэсний технологи бол үндэсний аюулгүй байдлын суурь мөн. Үндэсний технологийг үндэсний их сургууль, үндэсний инженер, үндэсний мэргэжилтэн бий болгохоос ямар нэг өөр улс, өөр байгууллага, өөр вендор бүтээхгүй.

Илтгэлийн цаад санаа нь:
Хиймэл оюуны хурдыг бидний шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт хийх хурд нэгэнт гүйцэхгүй байхад дата төв барих гэх мэт цаг хугацаа, нөөц их шаардах зүйлд хэтэрхий ач холбогдол өгч нөөцөө “үрж” байснаас илүү манай улстай ойролцоо улсын хийж буй ажлын хүрээнд МУИС-д бий болсон инновацийн шийдлийг ашиглаж байвал яасан юм бэ гэсэн санаа.
Яг тооцоогоо гаргаад үзвэл манай улсад тийм өндөр хүчин чадалтай хиймэл оюуны “супер” дата төв шаардлагагүй байж мэднэ. Тэгэхээр одоо байгаа нөөцүүддээ үндэслээд, хэрэглээгээ зөв тооцоод зөвхөн улс орны түвшинд яригдах системийг хөгжүүлэх, бойжуулах дата төв байвал зүгээр бус уу л гэж бодном.
Илтгэлээ бэлдэхэд ашигласан эх сурвалж: https://cybersecurity.mn/кибер-тусгаар-тогтнол-2025-f7e1d81aeefa
