Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2025.11.10/ хуралдаж ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/11434 тоот албан бичгээр хандсан байна. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.21-д “Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах” 44 дүгээр зүйлийн 44.1.11-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны болон нэгдсэн хуралдаанд эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдыг аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д “биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайлал үзүүлэх”, 2.2.1-д “гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” биелүүлэх, 3 дугаар зүйлийн 3.2-д “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ”, 3.5-д ”Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.”, 3.17-д ”Төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримтлахаас гадна Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах үүрэгтэй ба бусдыг ялгаварлан гадуурхах, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар дээрх албан бичгээр ирүүлсэн гомдолдоо дурджээ.

Дээрх асуудалтай холбогдуулан “Цахиур.мн” сайтын редакцаас 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2025/43 тоот албан бичгээр нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хангах, мөн хяналтын үүргийн хүрээнд Ж.Чинбүрэн сайдын ёс зүйгүй үйлдлийг шалгаж, хариуцлага тооцуулах хүсэлт ирүүлсэн аж.

Эдгээр гомдол, хүсэлтийн дагуу Ёс зүйн дэд хорооны даргаас “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Байнгын хорооны дарга хүлээн авч Байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ч.Номин, Д.Энхтуяа нарт хянуулахаар хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Ч.Номин уншиж танилцуулсан юм.

Уг асуудлаар дээр нэр дурдсан гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтын дагуу 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Г.Лувсанжамц нартай тус бүр биечлэн уулзаж, тайлбар, саналыг сонссон гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа өгсөн тайлбартаа:

2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороогоор “эмч, багш нарын цалин нэмэх” асуудлыг хэлэлцэх үеэр би асуулт асуухад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Байнгын хорооны хуралдааны дэг, ёс зүйг зөрчиж, намайг сүрдүүлсэн үйлдэл гаргасан. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, цаашид Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын асуудлаар үг хэлэх, асуулт асуух эрхэд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэж байна. Мөн энэ үйлдлийнхээ талаар тэрээр дараа нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнд “би хохь нь гэж хэлээгүй”, “зүгээр л чанга ярьсан” гэх мэт бодит бус мэдэгдэл хийж, “хулгайчид айж байна” гэх ёс зүйгүй үг хэлсэн тул олон нийтийн өмнө уучлалт гуйх ёстой гэж үзэж байна хэмээжээ.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өгсөн тайлбартаа:

 ”Хувь хүнийхээ хувьд бүлгийнхээ чат групп дээр уучлалт гуйсан бөгөөд УИх-ын гишүүний хувьд ардчиллын мэтгэлцээний зарчмаар ярьсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн ноцтой асуудлын талаар бухимдан чанга дуугаар ярьснаа хүлээн зөвшөөрч байна. “Хохь чинь шүү, аятайхан байгаарай” гэж хэлсэн нь Д.Ганмаа гишүүнд бус, Г.Лувсанжамц гишүүнд хандаж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Ганмаа буруу ойлгосон байна. Бухимдан ярьсандаа уучлал илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг олон нийтэд дэлгэх нь парламентын нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна” гэсэн тайлбарыг тус тус өгчээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганмаа уг гомдлыг шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Галбадрах нараас гэрчийн мэдүүлэг авах, холбогдох Байнгын хорооны хуралдааны бичлэгийг хуулбарлан авах зэрэг хуульд заасан холбогдох нотлох ажиллагааг явуулах, өөрийн биеэр оролцож тайлбар хариу өгөх эрхийг хангаж ажиллахыг хүссэн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас гэрчийн мэдүүлэг авсан гэж УИХ-ын гишүүн Ч.Номин танилцуулав.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn