УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны танилцуулгуудыг харгалзан, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас огцруулах санал оруулж буйгаа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцууллаа.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин тус бүлгийн өчигдрийн буюу ээлжит бус 2025 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хуралдааны Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах ёстой гэсэн шийдвэрийг танилцуулаад, Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх тухай хэлэлцэх зэргээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой ажлуудыг хийгээгүй байгаа тул бүлгээрээ дахин ярилцах шаардлагын үүднээс энэхүү хэлэлцэж буй асуудлаар таван өдрийн завсарлага авах санал гаргав.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон асуудал нь зөвхөн Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу энэ асуудалд нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн бүрэн эрхийн асуудал тул хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэхийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал хүссэн юм.
Гэвч чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хэлэлцэж буй асуудлаар таван хоногийн завсарлага өглөө. Ийнхүү эхний асуудал буюу Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул дараагийн буюу Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хойшлууллаа. Мөн эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэх байсан “Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
