
Энэ зун агаарын температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджаас халуун байх төлөвтэй байна. Тухайлбал, зургадугаар сард баруун, говь, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаар илүү дулаан байх ба долдугаар сард нийт нутгаар, наймдугаар сард ихэнх нутгаар дулаавтар байна. Харин баруун аймгуудын нутгаар долдугаар сард хур тунадас бага орох төлөвтэй байгаа ч нутгийн өмнөд хэсгээрээ 6,7,8-р сард бороо ихээр орох төлөвтэй байна.
Агаарын температур зургаадугаар сард баруун, төв аймгийн зүүн хойд хэсгээр ойролцоогоор +12 хэм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20оос +24, бусaд нутгaaр дунджаар +19 дулаан байна.
Хур тунадасны хувьд зургаадугаар сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орох бол, говь болон говийн бүс нутгаар хур тунадас орохгүй, бусад нутгаар бага зэрэг бороо орох бол долдугаар сард Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар багавтар зэргийн үүлтэй, Их нууруудын хотгор, говь болон говийн бүс нутгаар салхитай үүлэрхэг, бусад нутгаар бороо орно.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Өмнө жилүүдээс илүү дулаарч байгаатай холбоотой агаарын хуурайшилт болон хэт халалтын давтагдал нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа бол говийн ихэнх сумд, төв аймгуудын нутгаар ахиу хур тунадас орох нь үер усны аюулаас сэргийлэх шаардлагатай байгааг анхааруулж байна.
Б.Номин-Эрдэнэ