
Ромын пап Францис 88 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2013 оны гуравдугаар сараас Католик сүмийн тэргүүнээр сонгогдож байв.
Ромын пап Францис Католик сүмийг тэргүүлсэн он жилүүддээ шашны уламжлал, шинэчлэлийг хослуулан ажиллажээ. Пап лам гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаагаар нас барсан байна.
Ромын пап Францис тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ монгол гэрт амьдардаг монголчуудыг “уламжлалт аж төрөх байдал хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байна” хэмээн хэлж байжээ.
Ромын пап ламыг таалал төгссөнтэй холбогдуулан МБШТ- Гандантэгчэнлин хийдээс эмгэнэл илэрхийлжээ.
Эмгэнэлд,
“Монголын нийт бурхан шашны сүсэгтэн олныг төлөөлөн дэлхийн Католик шашны тэргүүн, Гэгээн ширээт улсын тэргүүн, эрхэм дээд Пап Францис таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Тэрээр хүн төрөлхтний эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны төлөө амьдралаа зориулсан бөгөөд шашин хоорондын харилцан ойлголцол, хүндлэлийг дэмжин бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Хүн төрөлхтнийг энэрэн нигүүлсэх ухааныг түгээн дэлгэрүүлсэн түүний үйл хэрэг сүсэгтэн олны сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
МБШТ-Гандантэгчэнлин хийд
2025 оны 4 дүгээр сарын 21” гэжээ.