
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын олон төрлийн бараанд 104 хувийн тариф ногдуулах төлөвлөгөөгөө өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Тэгвэл энэ худалдааны дайн Америкийн жижиг бизнест ихээхэн бэрхшээл учруулж байгаа гэнэ.
Тухайлбал, кофе, цай үйлдвэрлэгч Explorer Cold Brew компанийн төлөөлөгч сошиал хуудсандаа Трампын худалдааны бодлого жижиг, бизнесүүдийг хамгийн түрүүнд нураах эрсдэлтэйг анхааруулжээ.
Тэрээр, ашгийн хэмээ багассан нь амьд үлдэхгүй байх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэжээ.
Explorer Cold Brew компанийн хувьд хамгийн том зардлууд нь кофе, шилэн сав, баглаа боодол бөгөөд импортын өндөр тарифын улмаас нэг бүтээгдэхүүн тутамд 1.53 долларын нэмэлт зардал үүсч, нийт ашгийн хэмжээ 60 хувиар багасаж, ердөө 12 хувийн ашигтай ажиллах болжээ. Бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж хэрэглэгчиддээ өндөр үнээр худалдаалах арга замыг сонгоогүй учир компанид санхүүгийн дарамт ирж байгаа гэнэ.
Уг нь кофе, цай зэрэг бүтээгдэхүүнүүд 1890 оноос хойш АНУ-ын тарифын хөнгөлөлттэй байсаар ирсэн ч энэ удаагийн худалдааны дайнаар түүхэндээ анх удаа эвдэгджээ.
Шинэ тарифын дараа Хятадаас авдаг шилэн савны зардал нь 50 хувиар өсчээ. Харин Энэтхэгээс импортолдог цайны зардал нь 26 хувиар,Этиоп, Перу, Канад улсаас импортолдог кофены зардал нь 10 хувиар тус тус өссөн байна.
Кофе, цайг АНУ-д үйлдвэрлэх боломжгүй тул цаашид энэ зардал өсөх вий гэдгээс айж байгаа гэжээ.
Тэгвэл Forbes дээр Трампын худалдааны дайн Америкийн 500-аас цөөн ажилтантай жижиг бизнесүүдэд хүндээр тусч байгаа гэжээ. Тэд АНУ-ын бизнесийн 99.9 хувийг бүрдүүлдэг гэнэ. 2021 онд жижиг, дунд үйлдвэрүүд тус улсын экспортын 98 хувийг эзэлж, нийт экспортын үнэд 413 тэрбум орчим долларын хувь нэмэр оруулж байжээ.