Сэлбийн эргийг тийм болгоно гэсэн ч ийм болгож байна

Засгийн газраас  “Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлнэ хэмээн зураг төсөл гаргаж, олон нийтэд танилцуулж байсан нь 2023 оны эхэн үе. Уг төслийн дагуу бол Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэхээр байв.

Ингэснээр замын түгжрэл багасах, үер уснаас хамгаалах, иргэдийн аялах амрах ая тухтай орчин бий болно хэмээн үзсэн. Тэр үед  Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо хариуцан ажиллаж байсан.

Гэвч 2023 оны 7-р сард их хэмжээний үер болж, Сэлбэ, Дунд голын голдрил дээр баригдсан барилгуудыг асуудал хөндөгдөж, S Outlet, Aква гарден хорооллын барилгуудыг нураах асуудал яригдсан. Албаныхан ч ялангуяа “Авлига хороолол” хэмээн алдаршсан “Aква гарден”-г нураана хэмээн амлаж байв.

Гэвч жижиг барилга S Outlet-ыг нурааж, том авлигын илрэл болсон “Aква гарден” сүндэрлэж, цахилгаанаар хангагдаж, улмаар иргэдээс захиалга авч байгаа.

2024 оны сонгууль ч болж, энэ хугацаанд “Авлига хороолол”-ыг нураах яриа албаныхны амнаас алсран одож, харин Сэлбийн бургасыг нүүлгэж, голдиролыг доош ухаж, улмаар далан нэртэй өндөр бетонон хашаа барьж байгаа нь олны шүүмжлэлтэй тулгарч байна.

Учир нь “Сэлбэ сэргэлт” төсөл анхны зургаасаа гажиж, бараг л Берлиний хана шиг өндөр, дээр нь өнгө үзэмж муутай хашаа барьж байна. Нийт 1.5 км урт, 4-4.5 метр өндөртэй уг бетонон хашаа Натурын гүүрнээс  төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд урт удаан хугацаанд үер усны аюулаас бат найдвартай хамгаална гэж Нийслэлийн удирдлагууд ярьжээ.  Уг хашааг 20 тэрбумаар барьж байгаа гэж хотын өмнөх менежер Ц.Төрхүү ярьж байв.

Сэлбийг сэргээх анхны зураг болон одоо барьж буй хашаа хоёрын зургийг харьцуулж харна уу.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn