
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал дараах байр суурийг илэрхийллээ.
Хөдөө орон нутгаар “Үндэсний баялгийн сан”-гаа иргэддээ авчиръя, 34-50 хувийг авъя гээд манай Төрийн тэргүүн байсан Баттулга ерөнхийлөгч яриад явж байгаа. Үгээрээ биш, үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог тэр Төгрөг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэн. Адилхан ярья.
39 стратегийн ордыг ярихаар бүгдээрээ энийг ярьж байгаа шүү дээ. Тавантолгойн бүлэг ордын 50 хувь буюу гурван тэрбум тонны нөөцтэй, зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны орлогоор бодоход ард түмэнд 15 их наяд төгрөг ирэх ёстой байсан ийм орд шүү дээ.
Улаанбаатараас нэгхэн цаг яваад очдог тэр орд 250 сая доллароор 4 гадаадын иргэнд офшороор дамжуулаад зарагдсан, Хонконгийн сайт дээр байна. Энийг хэлэлцэх юмуу, эсвэл ялгаж аваад хэлэлцэх юмуу?
39 стратегийн орд дээр адилхан хэлэлцээр хийе. Тийм учраас би бүх ард түмнээс сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдлээрээ энэ ажлыг бас хийж харуулаасай гэж би бодож байгаа юм. Итгэж найдаж байгаа ард түмэн харж байгаа.
И Монгол дээр байгаа 138 мянган төгрөгийг яаж нэмэгдүүлэх вэ? гэж энэ ажлын хэсэг ажиллаж байна. Одоо Туваан сайд энэ 39 стратегийн ордын их хурлын тогтоолыг оруулж ирнэ. Ингээд бүгдтэй нь ижил хэлэлцээрийг эхлүүлнэ ээ. Ингэсэн цагт энэ 138 мянган төгрөг нэмэгдэнэ. Ингээд ард түмний дэмжлэг дор Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болох цаг ирсэн гэдгийг л хэлье.