
УИХ-ын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний шинэчлэлт, үнэ чөлөөлсөн асуудлын хэрэгжилтийн асуудлаар Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
УИХ-ын гишүүд үнэн бодитой нөхцөл байдлаас битгий ухраасай. Эрчим хүчний бодит нөхцөл байдлаас бид 34 жил зугтаасан. Одоо тэгээд хаачих вэ? Асуудлын баруун талаар ч явсан, зүүнээр нь ч явсан нэг л зам дээрээ очно. Энэ хэвээрээ явбал хэдэн жилийн дараа бүр хүнд нөхцөлтэй тулна. Тиймээс өнөөдрийн өөрчлөлт угаасаа өвдөлт өгнө. Үүнээс зугатах аргагүй.
Яг энэ нөхцөл байдлаас гарах гээд мөс зүсэж байгаа Засгийн газрын гишүүддээ талархаж байна.
Эрчим хүчний үнэ чөлөөлсөн нь зөв байсан. Гэхдээ харин үйлдвэрлэлийн өртөг ямар байна, тоон утга ямар байна вэ? Энэ бүхнийхээ тайлбарлах ёстой. Улстөржилт нь бодитой байдлаа тайлбарлахаасаа давж гараад байгаа байх.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Эрчим хүчний өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж байгаа С.Цэнгүүн гишүүндээ талархаж байна. Бид бодлого дээр маш сайн нэгдэж ажиллаж байгаа. Манайх жижиг орон, суурь эрсдэл өндөр. Банкны зээлжих зэрэглэл бага. Ийм нөхцөлд мөнгөө барьж орж ирээд хөрөнгө оруулах хүн цөөхөн.
Мэдээж асуудал шууд өргөс авсан юм шиг гэнэт шийдэгдэхгүй.Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагынхны цалинг 4-р сарын 1-нээс 10 хувиар нэмэх гэж байна. Салбарын инженр , техникийн ажилтнуудын цалин 3.6 сая төгрөг байна. 2025 оны 2,3 дугаар улиралд багтаагаад эрчим хүчний хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Энэнээс өмнө гал алдчихгүй, дампуурчихгүй байхын тулд ажиллаж байна.
Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд:
Иргэд үнэ нэмсэн гэдэг ойлголттой. Юу хийгээд бн вэ гэдэгт мэдээлэл нь очихгүй болохоор бухимдаж байгаа байх. УИХ-ын гишүүн Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Зах зээлийн загварчлал дээр ажиллаж байна. Өчигдөр бүтцийн өрчлөлөө баталсан. Эрчим хүчний реформын үр дүн сайн байгаа.