
Улсын Их хурлын чуулганы Нэгдсэн хуралдаанд /2025-03-27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, улмаар санал хураалт 110 гишүүний 98 нь дэмжлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Замын-Үүдээс хойш 70 жилийн дараа Монгол улс БНХАУ-тай Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбох ажил эхэллээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг юм” гэлээ.
Хил холболтын бүтээн байгуулалтыг ирэх тавдугаар сард эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулна. Ийнхүү хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.